sonin.mn
 
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдах тов гарчээ.
 
Тухайлбал, 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Арбитрын тухай хуулйн төслийг хэлэлцэх аж.
Мөн цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ.
 
Харин Өргөдлийн байнгын хороо Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх юм. Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх аж.
 
Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг