sonin.mn
 
ДУШАНБЕ. /TASS/. Тажикистанд болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал бодол давамгайлсан байна.
 
Санал асуулгад оролцсон 4 сая 402 мянган хүнээс 3 сая 814 мянган нь буюу 94,5 хувь нь өөрчлөлт оруулахыг дэмжжээ.
 
Тодруулбал, Тажикистаны Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд “нэг хүн хоёр удаа дараалан Ерөнхийлөгчөөр сонгогдож болохгүй” гэж заасан байдаг боловч энэ удаагийн санал асуулгаар “уг заалт нь одоогийн төрийн тэргүүн Эмомали Рахмонд хамаарахгүй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах эсэх”-ийг шийдэх ёстой байсан бөгөөд ард иргэдийн дийлэнх олонх уг өөрчлөлтийг дэмжсэн байна.
 
65 дугаар зүйлд оруулах гэж буй нэмэлтийг ”уг зүйлийн дөрөвдүгээр хэсэгт тусгагдсан хязгаарлалт нь Энх тайван, үндэсний эв нэгдлийг үндэслэгч бөгөөд үндэстний Удирдагчид хамаарахгүй” гэж уншиж болно. Энх тайван, үндэсний эв нэгдлийг үндэслэгч бөгөөд үндэстний Удирдагч бол одоогийн Ерөнхийлөгч Эмомали Рахмон юм.
 
Хуульд зааснаар, тус улсын хүн амын талаас илүү хувь нь санал асуулгаар тавьсан асуудлыг дэмжсэн тохиолдолд тухайн асуудлыг шийдэгдсэн гэж тооцдог ажээ.
 
Дээрх нэмэлт өөрчлөлтөөс гадна санал асуулгад оролцогчид Үндсэн хуулийн 8 зүйлд өөрчлөлт оруулах тухай саналыг мөн дэмжсэн байна. Уг заалт нь улстөрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд оруулах гэж буй нэмэлтийг үгчлэн орчуулбал “Бусад улс орнуудын улстөрийн намуудын үйл ажиллагааг Тажикистанд хориглохоос гадна үндэс угсаа болон шашны үзэл санаанд тулгуурлан улстөрийн нам байгуулах, гадаадын төр, байгууллага, хуулийн этгээд болон гадаадын иргэдийн зүгээс улстөрийн намуудыг санхүүжүүлэхийг хориглоно” гэжээ.
 
Түүнээс гадна, Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүмүүс болон парламентын хоёр танхимын гишүүд, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Эдийн засгийн Дээд шүүхийн шүүгчдийн насны доод хязгаарыг 30 нас /одоо 35 нас/ болгох аж.
 
Тажикистан улсын  Үндсэн хууль 1994 оны 11 дүгээр сард батлагджээ. 1999 онд тус хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хоёр танхимтай парламент байгуулагдсан бол 2003 онд дахин өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 7 жил болгожээ. Ингэснээр одоогийн төрийн тэргүүн Рахмон 2020 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлэн хаших боломжтой болсон байна. 
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг