sonin.mn
 
Засгийн газраас Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. 
 
Энэ тухай өчигдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдсэн хэмээн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдсэнийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээллээ.
 
2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн тухай хуулиар эмнэлэгийн мэргэжилтэн санаандгүй байдлаар өвчтөний хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд оногдуулах шийтгэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил байсан. Иймээс ялыг хөнгөвчлөхөөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
 
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд Д.Зоригтод зөвшөөрчээ.
 
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт 1 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсны дээр 300 гаруй Монгол иргэнийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.
 
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм болон, Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг баталжээ. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээллээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын талаарх мэдээллээс бүрдэх аж. Харин Эрүүл мэндийн даатгалын цахим картанд  даатгуулагчийн эрүүл мэндийн нарийн мэдээлэл багтах юм байна.
 
Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр даатгал болон эмнэлгийн байгууллагын хооронд үйлчилгээний төлбөр болгино хугацаанд шилжих,  даатгуулагчаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт хяналт тавих боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг