sonin.mn
 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөрийн яамнаас боловсруулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа.
 
Уг журам баталснаар жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, иргэдийн бүлгүүдийг  хамруулж, барьцаа хөрөнгийн дутагдалтай зээлдэгчийн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, хариуцлагатай зээлдэгчийг урамшуулах зэрэг бололцоог бүрдүүлэх юм.
 
Дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтрүүлнэ
 
Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь  хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг шинэчлэн баталлаа. Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг  одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй,  Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллах  юм. 
 
Осака хотод шинэ Ерөнхий консул томилов
 
Даваадоржийн Дэлгэрцогтыг Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томиллоо. Д.Дэлгэрцогт нь Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд мастерын зэрэг хамгаалсан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
 
Товч мэдээ:
 
-  Улаанбаатар хотод өнгөрөгч 5 дугаар сарын 5-6-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен Хятадын талын төлөөлөгчдийг тэргүүлсэн уг хуралдаанаар талууд хятадын талаас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ярилцаж буй 7 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид Эгийн голын болон бусад төслүүдийг харилцан ойлголцож амжилттай хэрэгжүүлэх талаар Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яам Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллах боллоо
 
 Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо  
 
-  Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.
 
-  Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг баталж, хүний нөөц, техник, программ хангамж болон зохион байгуулалтын  бэлтгэл хангаж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгалаа.
 
-  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
 
-  Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хууль тогтоомжид заасны дагуу баталж, хуулийн төсөл боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
 
-   “Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээ”-ний төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
 
-  “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.