sonin.mn
Энэ онд Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Ойгоо тэмдэглэж аймгийн Цагдаагийн газраас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь 5 сарын 19-ний өдөр бэлтгэл ахлах ахлагч Д.Шийлэгбатын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа.
 
Тэрбээр аймгийн Гал унтраах анги, Цагдан сэргийлэх хэлтэс болон зарим сумдад цагдаа, хэрэг бүртгэгчээр 25 жил ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Нийгмийн хэв журмын төвийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, сумдад малын олон удаагийн хулгайтай тэмцэн илрүүлж явжээ. Хэдийгээр гавьяаныхаа амралтанд гарсан ч одоо Тахарын албанд хүчин зүтгэж явна.
 
Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяа хэлэхдээ “Цагдаагийн байгууллагаас алба хаагчдынхаа хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх явдал урд жилүүдэд багагүй байсан. Гэхдээ удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс оролцдог байлаа. Энэ жил бага бүрэлдэхүүнд ажиллаж байсан ахлах ахлагч хүний алдрыг тэмдэглэж байгаа нь анхны тохиолдол юм. Цагдаагийн албанд олон жил тогтвортой ажиллаж ирсэн хүмүүсээс ажлын арга барил, туршлагыг сонсоно гэдэг бол том боломж” гэж байв.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг