sonin.mn
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд болж буй 4 дэх удаагийн  ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
 
НЗДТГ-аас БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулдаг дээрх уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
 
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг 4 дүгээр сарын 11-23-ны өдөр Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын 31 анги, байгууллагын дунд зохион байгуулсан. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт 5 дугаар сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэсэн аж.
 
Тус уралдааныг дүгнэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт,  алба хаагчдын бие бялдрын хөгжил, жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг шалгуур үзүүлэлтээ болгожээ. Уралдааны эцсийн шалгаруулалт энэ сарын 28-нд Чингисийн талбайд болно.
 
Энэ үеэр шалгарсан ангиуд үзүүлэх тоглолт, үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, БЦДБЭЧ-ын болон “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт, ёслолын буудлага болох юм.    
 
Дээрх уралдааныг зохион байгуулснаар Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт эрс сайжирч, алба хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчин бүрдсэнийг албаныхан тодотголоо.
 
Мөн энэ хүрээнд анги, байгууллагууд  нийт 2,8 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ. Эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох гэнэ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг