sonin.mn
Хүний эрхийн хуульч гэдгээрээ олонд танигдаж, одоо ч тэр дуу хоолой нь сулраагүй цөөн хүний нэг бол М.Ичинноров. Сонгууль дөхөхөөр Чилүгэн хүртэл хэлд орно гэдэг шиг гэнэт л хүний эрхийн хамгаалагчийн дүрд хувирдаг нөхдүүдтэй харьцуулахад үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилдээ тууштай яваа.
 
Гэрч, хохирогчийг хамгаалах, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн асуудлаар зоригтой дуугардаг тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгсч, АНУ-ын Вашингтон хотын Америкийн их сургуульд олон улсын хүний эрхийн магистр хамгаалсан боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл. 
 
Улстөрчийн хувьд сонгуульд ялагдаж, нэр дэвших эрхээ хасуулж явсан гээд өөлөх зүйл ч гарна. Гэхдээ итгэл үнэмшлээсээ хормын төдий буцдаг, өчигдөр ярьснаа өнөөдөр мартчихдаг, түүнийгээ юман чинээ боддоггүй төрийн томчуудтай түүнийг харьцуулах хэрэггүй л болов уу.
 
Тэр МАН-д элссэнээ “алдаа байжээ” гэж шударгаар мэдэгдсэн л хүн шүү дээ. Түүнийг энэ удаа Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ гэх мэдээлэл байна. Ингэхдээ аль нэг намын малгайн дор, намаас боловсруулсан мөрийн хөтөлбөр төдийг ярьж бус бие даахаар шийдсэн гэнэ.
 
Хүний эрхийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хангалтгүй, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой улстөрч бараг л байхгүй. Энэ орон зайг хүний эрхийн асуудлаар мэргэшсэн, туршлагатай, мэдрэмжтэй хүн л нөхнө.