sonin.mn
Өмнөговь аймгийнхан уулын спортын уулчид олонтойгоороо бахархдаг нутаг билээ. Тус аймгийн уулчин Д.Эрдэнэтогтох Австрали тивийн Kosciuszko оргилд гараад ирлээ. Энэ оргилд гарснаараа уулчдын гарах гэж зорьдог дэлхийн 7 оргилын 6-д нь гарсан Монголын анхны уулчин болж байгаа юм.
 
Тэрээр ярихдаа “Энэ оргил нь 2228м өндөртэй юм байна. Биднийг ууланд авирах үед хүйтэн бороотой, салхитай байлаа. Мөнх цасгүй ч гэлээ хадан уул учраас авиралт тийм ч амар байсангүй ээ. Тухайн нутагтаа бол намрын улирал нь эхэлж байсан.
 
Намайг энэхүү авиралтанд явахад бүх талаар туслаж дэмжсэн Оюутолгой ХХК-ийн хамт олондоо болон ах дүү нартаа баярлалаа" гэлээ. Энэхүү Австрали тивийн Kosciuszko оргилд гарах авиралтад Монголоос хоёулаа явсан ажээ.
 
Түүний аав нь уулчин хүн байсан болохоор дунд сургуулийн хүүхэд байхдаа аавыгаа дагаж Цамбагарав ууланд гарснаар уулчин болох гараагаа тавьсан гэнэ.
 
Уулчин Д.Эрдэнэтогтох шавь бэлтгэх талаараа одоогоор бодсон юмгүй байна гэсэн юм. Учир нь уулчин байна гэдэг эрсдэл өндөртэй тиймээс хэн нэгнийг эрсдэлд уриалах бодолгүй байгаа бөгөөд харин сонирхсон хүн түүний шавь болохыг хүсвэл сурснаа зааж өгч болно гэлээ. Уулын спорт нь өртөг өндөртэй, амжилтыг нь олон хүн үзэж бахдаад байдаггүй тул тэр бүр хүмүүс сонирхоод байдаггүй аж.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг