sonin.mn
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр Хүүхдийн зуслангийн стандарт болон энэ зун үйл ажиллагаа явуулах зуслангийн талаар мэдээллээ. “Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдгаас сүүлийн 3 жил 20 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 
 
Тухайлбал, СХД-т Нарс, Найрамдал, ирээдүйн эзэд, СБД-т Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ, БЗД-т Сансар, Галакси, Налайх дүүрэгт Нарлаг, Жавхлант, Өгөөмөр, Багануур дүүрэгт Тэмүүлэл, Төв аймгийн нутаг дэвсгэрт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын бэлэг, Од, Шонхор зуслан ажиллахаас төрийн болон байгууллагын дэргэдэх  6, хувийн хэвшлийн 16 зуслан байна.
 
Амрагч хүүхдийн тоог сүүлийн 5 жилээр гаргахад 2011 онд 11682 /хамгийн цөөн/, 2012 онд 19660/хамгийн олон/, 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ. Энэ жилийн хувьд 24 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа өгсөн байна.
 
Амрах эрхийн бичгийн нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг. Зуслангууд эхний ээлжээ ирэх сарын 8-наас авах бөгөөд эрхийн бичгийг “Улаанбаатар чуулга”-аас борлуулна. Зуслан руу зорчих унаа “Скай” их дэлгүүрийн гаднаас хөдөлнө” гэж НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэл мэдээлэв.
 
“Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр” бүлгийн удирдагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 20, 21, 22-нд Мөрөөдөл хүүхдийн зусланд зохион байгуулж нийт 90 оюутан залуус хамрагджээ. Хүүхдийн зуслангийн эмч, тогооч нарын “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй” сургалтыг ирэх пүрэв гарагт НЭМГ, НМХГ-уудтай хамтран зохион байгуулах юм.
 
Мөн НЗД-ын А/403 захирамжаар нийслэлийн ногоон бүсийн 24 зуслангийн бэлтгэл ажил, Монгол Улсын стандартын хэргжилтийг хангуулах шалгалтыг энэ сарын 30, 31-нд зохион байгуулна.
 
Дашрамд сонирхуулахад, 2015 оноос “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж эхэлжээ. Өнгөрсөн жил Нарлаг, Нарс, Ундраа зуслан эхний гурван байрт шалгарсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг