sonin.mn
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.
Энэ хуулиар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь
 
·өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
 
·өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ;
·жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээ;
 
·хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж зэрэг төрөлтэй байхаар зохицуулсаны зэрэгцээ өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын тусламж, үйлчилгээ болон түргэн тусламжийн үйлчилгээ нь ямар зохион байгуулалттай байх зэргийг хуульчилсан байна.
 
Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь
·тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;
·нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх;
·улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй;
·бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх шалгуурыг хангасан байх ажээ.
 
Үүнээс гадна Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх  тусламж, үйлчилгээний болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг  улсын төсвөөс ямар аргаар санхүүжүүлэх, мэргэшсэн эмч нь холбогдох хуульд  заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна ямар эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг асуудлыг нарийвчлан хуульчилж өгсөн байна.
 Эмхэтгэлд, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хууль тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг нийтэллээ.
 
Тус хуульд,
·2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.
·2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно гэсэн зэрэг заалт оржээ.
Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
 
Эмхэтгэлд, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус нийтэллээ.
 
Түүнчлэн Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай   зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
 
Эмхэтгэлд, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай,  Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай  Улсын Их Хурлын тогтоолоос гадна Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.