sonin.mn
Энэ удаагийн зочноор Монгол Улсаас Бельгийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадоржийг урилаа. Олон улсын 200 гаруй байгууллагын төлөөлөгчийн газар байрлан үйл ажиллагаа явуулдаг тус улстай Монгол Улс ямар харилцаатай байгаа талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Бид Бельги улстай 1971 онд дипломат харилцаатай  болсон түүхтэй. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
 
-Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жил болжээ.  1990-ээд оныг хүртэл хоёр талын харилцаа тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалтай холбоотой төдийлөн өргөн дэлгэр байгаагүй. Монголд өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явдлыг дагаад манай гадаад орчин, бодлогод гарсан өөрчлөлтүүдийн хүрээнд баруун Европ, түүний дотор Бельги болон бусад улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа агуулга, цар хүрээнийхээ хувьд өөрчлөгдсөн.
 
Манай “гуравдагч хөрш”-ийн нэг нь Европын холбоо, түүний гишүүн орнуудын нэг Бельги улс юм. Энэ холбооны төв байр Брюссель хотноо байрладаг зэрэг нь хоёр орны харилцааг идэвхтэй хөгжүүлэх, “Европын нийслэл” гэгддэг энэ хотод Элчин сайдын яамаа 1992 онд байгуулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр орны төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид харилцан айлчилсан нь хамтын ажиллагааныхаа чиг хандлагыг тодорхойлох, аль болох олон салбарыг хамруулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.
 
Хоёр улс батлан хамгаалахын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Мөн эрүүл мэнд, соёлын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Уг төслийг одоо баруун бүсэд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн манай хоёр улс хүн ам цөөнтэй, том гүрнүүдийн дунд оршдог гэдэг утгаараа олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажилладаг.
 
-Хоёр улсын хооронд “Монгол, Бельги-Люксембургийн эдийн засгийн холбооны хооронд хөрөнгө  оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай”, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” зэрэг гэрээ, хэлэлцээр байгуулсан байдаг юм билээ. Хэрэгжилт нь ямар байдаг юм бол?
 
-Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай 1992 онд Бельги, Люксембург улсад айлчлах  үеэр “Монгол Улс ба Бельги-Люксембургийн холбооны хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулсан. Ингэснээр эдгээр оронтой тогтоосон  харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах эрх зүйн суурь тавигдсан юм.
 
1990 оноос хойш Бельгийн хөрөнгө оруулалттай 18 компани, Люксембургийн хөрөнгө оруулалттай 30 компани манай улсад бүртгэгдээд байна. Манайхаас Брюссель хотноо “Говь” компанийн барааг франчайзингаар борлуулдаг дэлгүүр, Антверпен хотноо монгол гэр борлуулалтын цэг  үйл ажиллагаа явуулдаг. Бид Бельгийн Вант улстай 1998, Люксембургийн Их Гүнт улстай 2002 оноос Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарын төвшинд харилцан айлчлал хийх, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажлыг хэрэгжүүлж ирлээ.
 
Харилцааны оргил үеийг 2005-2012 он гэж тодорхойлж болно. Энэ үед бид Косово, Афганистан улсад явагдсан НАТО-гийн тэргүүлсэн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэсэн. Цаашид Зэвсэгт хүчний алба хаагчдаа сургаж бэлтгэх, харилцан айлчлалыг тогтмолжуулах, мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
 
-Худалдааны эргэлтийг сонирхоход төдийлөн том тоо гардаггүй. Экспорт, импортын хувьд ямар бүтээгдэхүүн голлож байна. Харилцааны чухал салбар болох худалдаа, эдийн засаг яагаад идэвхтэй хөгжиж чадахгүй байна вэ?
 
-Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар долоон сая орчим ам.доллар байв. Бельги рүү экспортолж буй барааны нийт дүн Европын холбооны 28 гишүүн орнууд дотроос эхний 10-т багтсан байна. Манай улсаас Бельги рүү оёмол сүлжмэл эдлэл, хувцас, машины эд анги, гэрийн угсармал хийц зэргийг гол төлөв экспортлодог. Импортын хувьд манай улс Бельгиэс  шоколад, алим, лийр, лаазалсан хүнсний ногоо, эм тариа, тоног төхөөрөмж зэргийг авдаг.  
 
2011, 2012 онд манай эдийн засаг тэлж, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнийг дагаад авто болон барилгын тоног төхөөрөмжийг  их хэмжээгээр импортлосон байдаг. Үүнийг дагаад гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 сая ам.доллар давж байсан. Харин сүүлийн жилүүдэд эдийн засаг удааширч, манай импорт ч буурсан. Үүнийг дагаад нөгөө талдаа гадаад худалдааны алдагдал багасч байна.Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийхний хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний хооронд холбоо тогтоох нь чухал ач холбогдолтой.
 
Бид энэ чиглэлээр хоёр талын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахад дэмждэг ч нэг талаас газар зүйн хувьд хол учир тээвэрлэлтээс эхлээд өртөг өндөр. Нөгөөтэйгүүр Бельгийн гадаад худалдааны гол түншүүдийн тоонд манай улс орж чадахгүй байна. Мөн олон улсын санхүү, эдийн засгийн хямрал зэрэг биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас  энэ чиглэлийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрч чадахгүй байгаа.   
 
-Монгол, Бельги өргөн хүрээг хамарсан биш ч хэд хэдэн салбарт хамтардаг. Харин соёлын салбарт хамтран ажиллах албан ёсны хэлэлцээр хараахан хийгээгүй байгаа юм билээ?
 
-Соёлын салбарт хамтран ажиллах чиглэлээр өнгөрсөн онд “Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай БСШУЯ, Бельгийн шинжлэх ухааны бодлогын газар болон Вангийн байгалийн шинжлэх ухааны хүрээлэн хоорондын хэлэлцээр” байгуулсан. Энэ хэлэлцээр нь Европын нутаг дэвсгэрээс олдсон Монголын гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гаргасан нь тогтоогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг эх оронд нь буцаахад хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Саяхан бид нэг олдворыг эх орондоо буцаасан.
 
Бельгийн Вангийн байгалийн шинжлэх ухааны хүрээлэнд хандивласан Сауролофус ангустирострис буюу нугасан хошуут үлэг гүрвэлийн үр хөврөлийг Бельгийн Вангийн байгалийн шинжлэх ухааны хүрээлэн, манай ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран судалж, Монголын говиос гаралтай болохыг нотолсон. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол руу буцаасан. Олдворын хувьд динозаврын үр төлийн өсөлт бойжилтыг судлахад чухал ач холбогдолтой. Цаашид хэд хэдэн олдворыг эх оронд нь буцаахаар хоёр улсын эрдэмтэд хамтран ажиллаж байна.
 
-Бельги улсад аж үйлдвэрийн салбар тэр дундаа хөнгөн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Мөн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг ч орхиж болохгүй. Манай улсын хувьд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд  анхаарал хандуулах болсон. Тэгэхээр бидэнд энэ салбарт хамтрах, туршлага судлах боломж хэр байгаа гэж харж байна?
 
-Бельги нь аж үйлдвэр өндөр хөгжсөн орон. Энэ салбар нь ДНБ-ний 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Ажиллах хүчний 20 орчим хувь нь аж үйлдвэрийн салбарт ажилладаг. Экспортын гол  бүтээгдэхүүн нь машин, тоног төхөөрөмж, химийн бэлдмэл, алмаазан эдлэл, төмөр зэрэг эцсийн бүтээгдэхүүн юм. Бельги нь ихэвчлэн түүхий эдээ гадаадаас авч эцсийн бүтээгдэхүүн экспортлодог. Гангийн үйлдвэрлэл нь Бельгийн чухал аж үйлдвэрийн салбар. Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог бол гар хатгамал, шоколад, пивоны үйлдвэрлэлээрээ алдартай.  Бельги хивс нь нягтаршил сайтай гэдгээрээ олонд танигддаг.
 
Аж үйлдвэрийн голлох салбарын нэг нь химийн үйлдвэрлэл. Мөн эмийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэл сайн хөгжсөн гээд манайд судалж нэвтрүүлэх олон зүйл бий. Манай улс аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхэд Бельгиэс гол төлөв машин, тоног төхөөрөмж худалдан авч байна. Тухайлбал,  “Эрдэнэт хивс” компани Бельгийн “Van de wiele” фирмийн “UCI03” машинийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн “Аттила” брэндийг экспортод гаргаж эхлээд байгаа. “Атилла” брэндийн бүтээгдэхүүн нь манай улсад үйлдвэрлэж буй хамгийн сайн нягтаршилтай хивс.
 
-Бельги улсад суугаа Элчин сайд Нидерланд, Люксембург улсыг хавсран суудгаараа онцлог. Тэр хэрээрээ хариуцах ажил, хамрах хүрээ ч өргөн байдаг байх?
 
-Манай ЭСЯ БЕНЕЛЮКС хэмээн нэрлэгддэг Бельги, Нидерланд, Люксембург гэсэн гурван улсыг хариуцан ажилладаг. Эдгээр улс нь манай улсын ардчиллын үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засагт шилжихэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
 
Люксембургийн Ерөнхий сайд, Нидерландын Сангийн сайд нар Монгол Улсыг Европын сэргээн босголт, хөгжлийн банканд гишүүнээр ороход зохих дэмжлэг үзүүлснийг онцлох хэрэгтэй. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банканд “Монголын хамтын ажиллагааны сан” байгуулж Люксембургийн Засгийн газраас 10 сая гаруй еврогийн санхүүжилт хийх шийдвэрийг гаргаж байв. Одоо Монгол, Люксембург улстай банк, санхүүгийн салбарын боловсон хүчин бэлтгэхэд идэвхтэй хамтран ажилладаг.
 
Люксембург нь Европын холбооны орнуудаас Монгол Улсад Засгийн газрын тэргүүний төвшинд айлчлал хийсэн анхны улс. Нидерланд улсын хувьд сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд Нидерландын техник, технологиор манай газар тариалангийн зарим бүсэд хөрсний шинжилгээ хийсэн.  Тодруулбал, га-гаас авах ургацын хэмжээ, малын тэжээлийн гарцыг сайжруулах, хувийн хэвшлийхэнд зориулсан сургалт, семинарыг хоёр талд зохион байгуулах, Нидерландын хөрсний лаборатори, тоног төхөөрөмжийг Монголд оруулах зэргээр хамтран ажиллаж эхлээд байна.  
 
-Мөн Монголын Элчин сайдын яам Европын холбоо, НАТО дахь Монгол Улсын төлөөлөгчийн газрын үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ тухайд?
 
-Брюссель бол Европын холбоо, Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын төв байрууд байрладаг олон улсын томоохон төв. Энэ утгаараа дэлхийн олон орны төлөөлөгчийн газар энд байрладаг. Манай улс ч үүнд ач холбогдол өгч дипломат төлөөлөгчийн газраа нээн ажиллуулсан. Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжиж байгаа. Үүнд тус ЭСЯ-ны идэвхтэй оролцоо чухал үүрэгтэй.
 
2013 оны арваннэгдүгээр сард Европын Комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Европын холбооны зүгээс Монгол Улсад Ерөнхийлөгчийн түвшинд хийсэн анхны айлчлал болсон. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны зургадугаар сард Европын парламентад албан ёсны айлчлал хийж, Европын холбооны 28 улс орныг төлөөлсөн 751 гишүүнтэй дэлхийн томоохон парламентын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн нь Монгол Улсыг Европын холбооны хэмжээнд төдийгүй олон улсад илүү сурталчлан таниулсан чухал үйл явдал болсон.
 
Энэ айлчлал нь Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг Европын холбооны нийт гишүүн орны хууль тогтоох, шийдвэр гаргах төвшинд таниулж, Монгол Улсын нэр хүндийг өсгөсөн гэж хоёр тал санал нэгтэй дүгнэсэн. Түүнчлэн хоёр талын харилцааны цар хүрээ, хэтийн зорилтуудыг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг болох Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулахаас эхлэн ирэх долдугаар сард манай оронд болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэлийг хангах гээд олон чиглэлд ЭСЯ идэвхтэй ажиллаж ирсэн.
 
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгалаа олсон “гуравдагч” хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэх асуудал чухал байр суурийг эзэлдэг. Энэ хүрээнд Европ, Хойд Америкийн  орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Умард Атлантын гэрээний  байгууллага буюу НАТО-той харилцаа тогтоох талаар манай ЭСЯ байгуулагдсан үеэсээ эхлэн асуудлыг судлан шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. 2012 оны гуравдугаар сард НАТО-гийн Умард Атлантын зөвлөл “Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг баталснаар харилцаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн.
 
Ингэснээр НАТО-гийн гишүүн, түнш орнуудын улс төрийн болон цэргийн удирдах албан тушаалтнуудын төвшинд зохион байгуулдаг дээд хэмжээний чуулга уулзалтуудад оролцох, албан ёсны болон ажлын айлчлалыг харилцан хийх, улс төр, олон улс бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар зөвлөлдөх, НАТО-гийн төрөл мэргэжлийн бага хурал, сургалтад хамрагдах боломж нээгдсэн. Мэдээж энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхэд манай ЭСЯ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
 
-Өнгөрсөн жил Европын холбоо-Монгол Улсын 2014-2020 оны хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн албан ёсны нээлт болсон. Хөтөлбөрийн санхүүжилт өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж 65 сая ам.долларт хүрсэн. Санхүүжилтийн хувьд ямар ажлуудад зарцуулагддаг талаар сонирхож асуумаар байна?
 
-2013 онд Европын Комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчлахдаа Европын холбооны талаас Монгол Улсад 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны санхүүжилтийг хоёр дахин нэмж 65 сая еврод хүргэхээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ асуудлаар талууд 2015 оны зургадугаар сард Санамж бичиг байгуулан санхүүжилтээр уул уурхайгаас олж буй орлогыг зөв зохистой зарцуулж, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд  “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал (EG4EG)” төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Өмнөх жилүүдэд олгосон хөгжлийн тусламжаас санхүүжиж байгаа төслүүдийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байна.
 
Эдгээр төсөл, хөтөлбөрүүд нь ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах манай Засгийн газрын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Европын холбооны Хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийг өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бодитоор тооцон боловсруулах нь үр ашгийг нь бүрэн дүүрэн ашиглаж үр дүндтэй болгоход чухал үүрэгтэй байдаг.
 
2020 он хүртэл авах энэ санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг одооноос нарийн судалгаа тооцоотой боловсруулахад манай холбогдох яам, байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Тиймээс манай Сангийн яам болон бусад холбогдох газруудын төлөөлөл, Европын холбоотой хамтран ажиллах ажлын хэсгийг хоёр талын хамтарсан хорооны хүрээнд байгуулан ажиллаж эхэлсэн.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин