sonin.mn
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэцогт сумд үйл ажиллагаа явуулж байгаа “Цагаан дэнжийн хишиг” талх нарийн боовны цехийг шалгажээ.
 
Шалгалтаар илэрсэн 14 зөрчлийн 4-ийг нь газар дээр нь арилгах арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч улсын байцаагчийн 9 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.
 
Тус цехэд “Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалтыг хийж эрсдэлийн үнэлгээ өгч, хууль холбогдох стандартуудын хэрэгжилтийг шалгасан байна.
 
Хяналтын хуудсаар “Цагаан дэнжийн хишиг” цех нь 178 оноо буюу 40.3 хувь дунд эрсдэлтэй үнэлэгджээ. Шалгалтад хамрагдсан цех нь үйл ажиллагааны хувьд жигдэрч, өмнө өгсөн улсын байцаагчийн үүрэг даалгаврын хэрэгжилт 74 хувь хангагдсан байна. “Хүнсний тухай” хуулийн хэрэгжилт 64-70 хувь, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 58-64 хувь байна.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг