sonin.mn
Үндсэн хуулийн Цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдер Сонгуулийн тухай хуулийн пропорциональ тогтолцоог хуульчилсан зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан нь улс төр судлаачдын болон улс төрийн намуудын анхаарлыг зүй ёсоор татсан үйл явдал байлаа.
 
Гэвч УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар“Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн билээ. 
 
Энэ нь уг асуудлыг хууль тогтоох байгууллага эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж болох хэдий ч сонгуулийн тойргийг шинээр хуваарилах ажлын эхлэлийг тавьсан юм.Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдаанд эрх барьж буй улс төрийн хүчин хийгээд сөрөг хүчний хооронд багагүй маргаан гарсан боловч олонхийн шийдвэр гэсэн нэрийн дор Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төсөл батлагдсан. Уг шийдвэр Үндсэн хууль болон сонгуулийн эрх зүйд хэрхэн нийцэж байгаа эсэх нь мөн л маргаантай хэвээр үлдлээ. 
 
Энэхүү асуудлаар санал бодлоо уншигч тантай хуваалцах үүднээс зарим нэг сонирхолтой баримтыг Та бүхэнд толилуулья.
 
Зарим улс төрч, улс төрийн хүчний зүгээс шийдвэр гаргах түвшин дэх давуу байдал (эрх мэдэл)-аа ашиглан өөрт болон тухайн улс төрийн хүчинд санал өгөхүйц сонгогчтой нутаг дэвсгэрийн хэсгүүдийг нэг хэсэгт нэгтгэн сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг өөрт ашигтайгаар хуваарилдаг шудрага бус аргыг улс төрийн шинжлэх ухаанд Gerrymander гэдэг ойлголтоор тодорхойлдог.
 
Түүхэн эх сурвалжаас авч үзвэл 1812 оны 2 дугаар сарын 11-нд АНУ –ын Массачусетс мужийн захирагч Elbridge Gerry сенатын сонгуульд намаа ялуулах зорилгоор сонгуулийн тойргийг шинэчлэн батлахдаа өөрийн намын дэмжигч сонгогчтой нутаг дэвсгэрийн зарим хэсгүүдийг нэгтгэн нэг тойрогт хуваарилсан нь энэхүү нэр томьёог нийтэд хүлээн зөвшөөрүүлэх үндсэн нөхцөл нь болжээ. Тухайн үеийн “Boston gazette” сонины эрхлэгч мужийн захирагчийн шинэчлэн баталсан сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн зургийг ажиглахад саламандер гүрвэлтэй адилхан байсан тул сониндоо уг амьтны зургийг дүрслэхийн зэрэгцээ Elbridge Gerry-ийн шудрага бус үйлдлийг ёгтлон бичсэн байна. Зохиогч нийтлэлдээ Elbridge Gerry-ийн нэрээс “Gerry”, саламандер гэсэн нэр үгнээс “мандер” гэсэн хоёр үгийг тус тус хэсэгчлэн авч нэгтгэн “Gerrymander" гэдэг шинэ нэр томьёог томьёолжээ.
 
Сонгуулийн тойргийг хуваарилах жерримандерын арга нь дараах үндсэн төрлүүдээр хэрэгждэг.
 
Үүнд:
 
1 .Сонгогчдын саналыг үнэгүйдүүлэх буюу сөрөг хүчний дэмжигчдийг цөөнхи болгох байдлаар өөр өөр тойрогт хуваарилах
 
2.Сөрөг хүчний дэмжигч олонхи болох тойргуудыг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох
 
3.Газар зүйн хувьд огтлолцохгүй тойргуудыг хооронд нь холбох байдпаар тойргийг томсгох, багасгах зэргээр сонгогчдын саналыг багцлах гэх мэт.
 
Сонгуулийн тойргийг дээрх аргаар хуваарилсны үр дүнд сонгогчдын саналд тулгуурласан бодитой сонгуулийн дүн гардаггүй бөгөөд шудрага бус төлөөлөл сонгогдох сөрөг нөхцөл бүрддэг.Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал хулгайлагдах, сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлөх боломжийг улстөрийн хүчинд олгодог. Жишээлбэл нийт сонгогчдын 53 хувь нь A намд, 47 хувь нь Б намд саналаа өгсөн гэж үзвэл сонгуулийн үр дүнд хоёр намд ногдох төлөөлөгчдийн суудлын тоо 53:47 бус 80:20 эсхүл, 70:30 гэх мэт шударга бус хувилбараар хувиарлагдах боломжийг бүрдүүлдэгээрээ сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг байна.
 
Иймээс судлаачид сонгуулийн тойргийг тогтоохдоо жерримандерын аргыг хэрэглэх нь Үндсэн хуулийн маргаан дагуулах эрх зүйн факт гэж үздэг.
 
Үүнтэй төстэй үйл явдал манай УИХ-ын практикт давтагдлаа гэж үзэж болохоор байна. Саяхан УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай CEX-ноос өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжиж баталсан.
 
Уг тогтоолоор батлагдсан сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтаас харахад энэ удаагийн сонгуулийн тойргийг жерримандерын аргаар хуваарилсан гэх хардлагазүй ёсоор төрж байна.Энэ нь УИХ-ын чуулганы хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад эрхэм гишүүдээс гаргасан санал, шүүмжээс тодорхой ажиглагдлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "... АН-д санал өгдөггүй учраас малын арьс шиг тойргийг хэвтээгээр Н.Батбаяр, Х.Тэмүүжин хоёр зурж байна” гэж саналаа илэрхийлсэн нь үүний нэг тод жишээ юм.
 
Хэрэв уг тогтоолоор батлагдсан сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтыг зурган хэлбэрээр үзүүлвэл нэлээд сонирхол татахуйц олон төрлийн жерримандерийг харж болохоор байна. Ялангуяа гурав болон түүнээс олон мандаттай сонгуулийн тойргууд үүний тодорхой илэрхийлэл болохоор байна.
 
Сонгуулийн тойргийн хил хязгаарийг тогтоох нь техникийн асуудал боловч хүн амын тодорхой бүлгийн дэмжлэг авах эсхүл, аль нэг намын баталгаатай суудлыг бүрдүүлэх зорилгоор тойргийн хил хязгаарыг өвөрмөц байдлаар тогтоох явдал гардаг. 
 
Ингэсэн тохиолдолд тэгш төлөөллийн ардчилалд эргэлзээ төрүүлдэг. Жерримандер нь сонгогчдын саналыг үнэгүйдүүлэх, хууль тогтоох байгууллагад хууль бус төлөөлөл сонгогдох үндсэн нөхцлийг бүрдүүлдэг.
 
Иймээс зарим улсад сонгуулийн тойрог байгуулах, түүний хил хязгаарыг тогтоох ажлыг хараат бус байгууллага эрхэлдэг, тойргийн хилийг өөрчлөхдөө хүн амын тоо бус зохистой төлөөллийг бүрдүүлэхээр тооцдог практик байдаг.
 
Сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийк хуваарилалтыг Үндсэн хуульд нийцүүлж оновчтой тогтоох нь сонгуулийн можаритар, пропорциональ; холимог тогтолцооны аль нэгийг сонгохоос ч , илүүтэйгээр анхаарал? хандуулах судлагдахуун юм. Гэтэл Сонгуулийн тухай хуульд энэ асуудлыг нарийвчлан журамлаагүй, харин ганцхан заалтаар хуульчилсан байгаа нь учир дутагдалтай байна.Ингэж хуульчилсан нь улсчдөд сонгуулийн тойргийг өөрт ашигтайгаар зурах боломжийг олгоод байгаа юм.
 
Иймд сонгуулийн эрх зүйг боловсронгуй болгох ажлын хүрээнд дараахь ажлыг бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Үүнд:
 
1.Сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтыг улс төрчид биш, хараат бус мэргэжлийн байгууллага буюу сонгуулийн ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэдэг байх
 
2.Сонгуулийг олон улсын жишигт нийцүүлэн шударга, тэгш эрхийн зарчмыг хангасан хэлбэрээр зохион байгуулах, сонгуулийн зөрчил, будлианаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэний нийгмийн байгууллагуудад сонгуулийн бүхий л үйл явцад хяналт тавих боломжийг олгох; 
3.Сонгогчдын нэрсийн жагсаалтыг дан ганц иргэний бүртгэл мэдээлэлд үндэслэн гаргах нь учир дутагдалтай байгааг харгалзан, цаашид шаардлагатай бусад эх сурвалж, мэдээллийн санд үндэслэн гаргах үүргийг сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах;
 
4.Сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг тогтоохдоо жерримандер мэтийн улс төрийн заль мэх хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, тойргийг улс төрчдийн хүсэл зоригоор хуваарилахыг хуульчлан хориглох байдлаар эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг өнөөгийн улс төрийн практик харуулж байна.
 
 
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хууль нь сонгуулийн тойргийг тогтооход улс төрчдөөс хараат байх нөхцлийг бүрдүүлсэнээрээ эрх зүйн хийдэлтэй хууль болжээ гэж дүгнэхэд хүргэж байна.
 
Иймд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал: авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно."гэж заасныг дээр дурдсан үндэслэлээр өөрчлөх нь зүйтэй.
 
Эрх зүй ч ,Улс төр судлаач М.Баттогтох