sonin.mn
Өнөөдөр Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны “Залуус” танхимд "Төгсөгч-2016" хөдөлмөрийн яармаг өдөрлөгийг зохион байгуулж байна.
 
Жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн 25-30 хувь нь л мэргэжлийнхээ дагуу ажилд орж чаддаг байна. Харин үлдсэн хувь нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмж байгаа нь залуучуудын эзэмшсэн мэргэжлийн чансаа, мэдлэг, ур чадвартай холбоотой төдийгүй ажлын хангалтгүй байдаг нь тодорхой юм.
 
Иймд дипломтой ажилгүйчүүдийн тоог бууруулах, залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах зорилготой энэхүү “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармагийг  Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж зохион байгуулж байна.
 
Энэ өдөрлөгөөр Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байрыг зарлана гэсэн боловч өдрийн 12 цагийн орчимд 10 хүрэхгүй ажил олгогч байгууллагын төлөөлөл ирсэн байв. Өдөрлөгт оролцогч залуус ч цөөхөн байлаа.
 
“Төгсөгч-2016” өдөрлөгт оролцож байгаа “Говь” компанийн нээлттэй ажлын байрны цэгт тус компанид маркетингийн албаны дарга 1, маркетингийн менежер 1, гадаад худалдааны менежер /англи+ солонгос хэлтэй/ 1, савлагааны ажилтан 2, стилист худалдааны зөвлөх 15, загвар зохион бүтээгч инженер 3 гэх мэт нийт 30 гаруй ажлын байрыг санал болгож байв.
 
“Өнөөдрийн өдөрлөгт ирж байгаа залуус одоогийн байдлаар санаснаас маш цөөхөн байна. Манайд хандсан 10 гаруй охид, залуус анкет бөглөж, санал болгосон ажлын байрандаа бүртгүүллээ” хэмээн тус компанийн ажлын байрны сонгон шалгаруулалтын менежер онцолсон юм.
 
Тус өдөрлөгийг зохион байгуулагчдаас өнөөдрийн өдөрлөгт ирж оролцоно гэсэн ажил олгогч байгууллагууд одоогоор цөөхөн төлөөлөл ирсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрч байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг