sonin.mn
УИХ-ын МАН-ын бүлэг чуулганы хуралдааныг өнөөдрөөс эхлэн түр завсарлуулж байгааг хууль бус хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан нар Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн юм. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "Манай бүлгээс оффшор дансны эсрэг хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, МАН оффшор данстай хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн үзэж байгаа. Гэтэл АН сонгууль ойртсон энэ үед хуулийг хэлэлцээгүйн дээр бидэнтэй зөвшилцөлгүй чуулганыг түр завсарлууллаа" гэв.
 
УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Эрүүгийн тухай хуулийг ирэх 9 дүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Чуулган хойшилсноор эдгээр хуулийн хэлэлцүүлэг мөн хойшилж байна. Үүнтэй адил хэлэлцвэл зохих чухал хуулиудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж амжихгүй болж байна. Мөн АТГ-ын томилгоо бүрхэг боллоо" гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Хаврын чуулганаар төсөвтэй холбоотой хуулиуд хэлэлцдэг. Чуулган завсарласнаар дээрх хуулиуд хэлцэгдэхгүйн дээр ирэх оны төсвийн боловсруулалт тодорхойгүй байдал руу шилжлээ. 2017 оны төсөвт нөлөөлж болзошгүй" хэмээлээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг