sonin.mn
 
Дэлхийн шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгч АНУ-ын Сангийн яамыг шүүхэд өгөхөөр болжээ. Халимагийн ерөнхийлөгч асан  Кирсан Илюмжинов АНУ-ын хоригоос болж  тус улсын нутаг дэвсгэр дээрх компаниудаа удирдах эрхгүй болоод байна.
 
 
ФИДЕ-гийн тэргүүн  Кирсан Илюмжинов АНУ-ын  Сангийн яамнаас сэтгэл санааны хохирол болох 50 тэрбум ам.доллар нэхэмжлэх төлөвтэй байгаа аж. Халимагийн ерөнхийлөгч асан  өөрийг нь  Оросын эсрэг хоригт оруулсныг шударга бус хэмээн  үзэж буй юм. Тэрээр энэ  тухайгаа Бизнес.фм радиогийн сэтгүүлчтэй ярилцахдаа уламжилжээ.
 
“Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд  Сирид хийсэн  миний айлчлал ба ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн уулзалтын төлөө  намайг хоригт хамруулсан. Сирийн Арабын Бүгд Найрамдах улстай холбоо тогтоож, тусламж үзүүлсэн  болон  тус улсын Засгийн газрыг санхүүжүүлэх болсны улмаас хоригт оруулсан  хэмээн бичсэн байлаа. Би америкийн хуулиар америкийн шүүхээр, америк шүүгчдээр асуудлыг шийдүүлэхэд  бэлэн байна гэжээ. 
Гурван сарын турш би 150-200 асуултад хариулж, үүнийхээ дараа  Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар,  Төрийн департамент, АНУ-ын Сангийн яамны тэргүүн нарт хандаж, хэрвээ тэдэнд  надад тавих ямар нэгэн асуулт  байгаа бол би Вашингтонд очиж  полиграфын машин дээр  тэдний сонирхсон  асуулт болгонд хариулахад бэлэн байна гэж мэдэгдсэн.  
 
Би өөрийн боломжийг 99,9  хувь гэж үзэж байна. Хэрвээ энэ нь техникийн алдаа бол  тэд миний өмнө уучлал  гуйх ёстой. Хэрвээ техникийн алдаа бус, ямар нэгэн улс төрийн тоглоом байх юм  бол тэд надад сэтгэл санаанд учруулсан хохирлыг  төлөх ёстой. Би үүний улмаас АНУ-ын нутаг дэвсгэр дээрх компаниудаа удирдаж чадахгүйд хүрээд  байна. Би  51 хувиас дээш үнэт цаас эзэмшдэг. Түүнэс гадна АНУ-ын нутаг дээр хуулийн этгээдүүд  болон хувь хүмүүстэй, америкийн иргэдтэй  ямар нэгэн арилжаа- санхүүгийн харилцаатай байдаг.  Энэ жилийг  АНУ-д  "Шатрын жил" гэж зарласан учраас  ирэх 11 дүгээр сард Нью-Йоркт ДАШТ-ийг зарлаад  байгаа. ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн хувьд би тэнд байж, түрээсийн гэрээнүүдэд гарын үсэг зурж,  гэрээ хэлэлцээ ба  зуучийн гэрээнд гарын үсэг зурах ёстой. Гэтэл би  хоригоос болж  гэрээ хэлцэлд гарын үсэг зурж чадахгүй байгаагаас гадна  АНУ-ын нутаг дэвсгэрт  зочид  буудалд амьдрах эрхгүй болоод байна” гэжээ.
 
Дашрамд хэлэхэд, Вашингтон Кирсан Илюмжиновыг  хоригт  орох болсон шалтгааныг  Орос болон бусад нэлээд хэдэн оронд хориглосон “ДАИШ” бүлэглэлийн нефтийг сирийн засгийн газар  худалдан авахад нь тусалсан хэмээн тайлбарлаж буй юм. Илюмжинов хоригт орсны улмаас өөрийн бүрэн эрхийг ФИДЕ-гийн дэд ерөнхийлөгч Георгиос Макропулост шилжүүлээд байгаа билээ.
 
Москва хот. А.Огторгуймаа   
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг