sonin.mn
 
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.
 
 
Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээ оношилгоонд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэлээ.
 
Мөн Япон улсын 130 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг саяхан эхлүүлсэн. Австрийн Засгийн газрын 28 сая еврогийн хөнгөлөлттөй зээлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн нэгдсэн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж Японы менежментээр ажиллах “МЕДИПАС” оношилгооны төв сарын өмнө ашиглалтад орж нээлтээ хийсэн.
 
Долоо хоногийн өмнө Белгийн Засгийн газрын хөнгөлөлттөй зээлээр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6.5 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн баг ажилдаа орлоо. Хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, хөрөнгө оруулалтаар “Грандмед”, “Интермед” зэрэг томоохон эмнэлгүүд сүндэрлэн бослоо гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.