sonin.mn
Өчигдөр УИХ-ын чуулганыг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэмээх нэрийн доор түр завсарлууллаа. Уг завсарлага нь өгчигдрөөс эхлээд ирэх зургадугаар сарын 23 хүртэл үргэлжлэх юм гэсэн.
 
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд гэнэт ийм шийдвэр гаргасан нь олны сонирхлыг татаад байна. Учир нь өмнөх долоо хоногт сөрөг хүчний гишүүн Н.Энхболдоос эхлээд бүлгийн дарга С.Бямбацогт нь УИХ-ын чуулганыг хаачихвал яасан юм гэсэн санал тавьж байхад Тамгын газрын дарга Болдбаатар хууль ёсоор сонгуулийн санал хураалтаас 30-аас доошгүй хоногийн өмнө хаах ёстой, тэгэхээр энэ сарын 30 гэхэд хаагдана гэж хэлүүлж байсан. Тэгвэл яагаад УИХ-ын чуулганыг хуралдааны танхимд бус өөрийн өрөөндөө хаачихав гэдэг сонирхолтой юм.
 
Уг нь УИХ-аар хэлэлцэж хойшлуулшгүй шийдвэр гаргах асуудлууд бий. Гэтэл чуулганаа завсарлуулчихлаа. Үүгээрээ бол УИХ-ыг асуудлууд дээр хууль зөрчсөн гэх ярианд оруулж байна. Уржигдар АН-ын бүлгийн хурал ирц хүрээгүйгээс болоогүй. Харин УИХ-ын тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өчигдөр чуулган хуралдах хуваарьтай байсан. Гэвч үдээс өмнө АН-ын бүлэг шуурхай хуралдсанаас болоод чуулган хуралдаагүй.
 
АН-ын бүлгээр өчигдөр МАХН-ын сайд нарыг засгаас гаргах Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэн дэмжсэн. Ингээд үдээс хойш хуралдааны ирц хүрээгүй юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд даргын захирамжаар Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар болсон. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганыг 5 дугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулах шийдвэр гаргалаа.
 
Тэгвэл яагаад гэнэт чуулганыг завсарлуулав.
 
Нэгдүгээрт: Эхнийх нь сарын хугацаатай гурван сайдыг солих асуудлыг чуулганаар хэлэлцүүлж, муу муухайгаа дуудуулахаас айсан байх. Хэдий бүлэг нь МАХН-ын сайд нарыг солихыг зөвшөөрсөн ч сонгууль эхэлчихээд байхад Засгаар оролдох сонирхол АН-ын удирдлагад байгаагүй байх. Мөн энэхүү засгаас МАХН-ын сайд нарыг хөөснөөр АН Н.Энхбаяртай улам дайсагнахад хүрэх нь ойлгомжтой байсан. Тиймээс ирц хүрээгүйг ашиглан ийм шийдвэр гаргалаа.
 
Хоёрдугаарт: Тэгээд ч чуулганаа байтугай бүлгээ ч хуралдуулж дөнгөхөө больсон нь илэрчих гээд ичсэндээ завсарлуулахаас аргагүйдсэн байх. АН-ын бүлэг яагаад хуралдахгүй байна гэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвших асуудал дээр фракцууд нь тохироонд хүрч чадахгүй байгаатай холбоотой.
 
Гуравдугаарт: АТГ-н даргын даргын томилгооноос бултсан хэрэг. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулахаар өргөн бариад гурван долоо хоног өнгөрч аль хэдийн хуулийн хугацаа нь хэтэрсэн. Тиймээс сөрөг хүчин төдийгүй АН-ын зарим гишүүд тухайлбал Х.Тэмүжин ч уг томилгоог хийхийг сануулсаар байсан учир ийн бултсан хэрэг байх.
 
Дөрөвдүгээрт: Н.Батбаярын санаачилгаар Өрийн удирдлагын тухай хуульд өрийг өглөгө болгон солих гэсэн ч сөрөг хүчин идэвхтэй эсэргүүцсэн. Мөн МАХН-ынхан эсрэг байгаа дээр нь өөрийнх нь зарим гишүүн эсэргүүцэх учир МАН тав хоногийн завсарлага авсан хугацаа дуусаагүй байхад уг асуудлаас бултсан хэрэг.
 
Энэ мэт олон нөхцөл шалтгааны улмаас УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулахаас аргагүйдсэн нь энэ.
 
М.Баяр