sonin.mn
УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаярын нэр оффшор данстай хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтсан тухай мэдээлэл өмнө нь цацагдсан. Тэрээр энэ асуудлын үнэн эсэхийг тодруулахаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
 
-Д.Батбаяр нь Их Британийн Виржини аралд байрлах гурван компанитай холбоотой гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлыг хуулийн байгууллагууд шалгаад ямар хариу өгсөн бэ?
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын 49 иргэн оффшор данстай гэдэг мэдээлэл гарсан. Үүнд Кёкүшюзанбатбаяр гэж миний нэр багтсан байгаа.
 
Миний хувьд Япон улсад дөрөв, таван данстай гэдгээ өмнө нь хэлсэн. Гэхдээ энэ данс 20 гаруй жилийн өмнө буюу Япон улсад барилдаж байх үедээ нээсэн данс байгаа. Энэ данснаас Монгол руу мөнгө орж байснаас, Монголоос ямар нэг мөнгө гарч байгаагүй.
 
Үеийн залуус маань орон дотроо хэвтэж байхад би өглөөний 04:00 цагт бэлтгэл хийж, барилдаж, тэмцэж байж олсон цалингаа хадгалдаг байсан. Түүгээрээ  дамжуулан “Кёкүшюзан” сан байгуулж, эрүүл мэнд, боловсролын салбарт болон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байдаг. Тэр утгаараа Японд данстай гэдгээ удаа дараа хэлсэн. “Нэр хугарахаар яс хугар” гэж үг бий. Энэ асуудлыг АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг шалгуулж болох бүх байгууллагад миний бие хандсан. Ингээд АТГ-аас Д.Кёкүшюзанбатбаяр гэдэг хүнд оффшор дансны асуудал хамааралгүй гэдэг хариу ирсэн. Тодруулбал, энэ асуудалд өөр хүн холбогдсон байна.
 
Виржини аралд байрлалтай Impox Co.Ltd, Gumax Co.Ltd, Abros Co.Ltd компани 2007 онд байгуулагдсан. Тухайн үед Д.Кёкүшюзанбатбаяр сүмогийн тамирчин байсан учраас хамааралгүй. Тиймээс нэр хүндээ сэргээлгэнэ гэвэл зохих ёсны газарт нь хандаад сэргээлгэж болно гэсэн албан бичиг АТГ-аас ирсэн. АТГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд үнэхээр шуурхай ажилласан.
 
-Тэгэхээр дээрх гурван компани Даваагийн Батбаяр гэж нэр ижил өөр хүнтэй холбоотой байсан нь нотлогдсон гэж ойлгож болох уу?
 
-Оффшор данстай холбоотой 49 монгол иргэн тэр тусмаа энэ хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, гадаад руу явахыг хориглож шалгана. Дансыг нь хааж, бүх мөнгийг нь Монгол руу татна гэсэн ноцтой мэдээлэл гарсан учраас нэр хүндээ сэргээлгэхээр Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүсэлтээ өгсөн.
 
Эрүүгийн цагдаагийн газраас уржигдар хариу ирсэн. Уг албан бичигт “Д.Кёкүшюзанбатбаяр таны 2016 тавдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад Их Британийн Виржини аралд байрлалтай Impox Co.Ltd, Gumax Co.Ltd, Abros Co.Ltd компани танд хамааралгүй болох нь тогтоогдсон болно” гэж бичсэн байна. Тиймээс “Нэр нэгтийн чих нэг” гэдэг шиг зүйл болсон байна гэж харж байгаа.
 
Иргэн Даваагийн Батбаяр гэдэг хүнийг Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэсэн. Хүний хувийн асуудал болохоор энэ тухай ярих боломжгүй. Өөрөөр хэлбэл, андуурал гардаг юм байна гэдгийг л энд хэлмээр байна. Үүнээс болж Монголын ард түмэн Д.Кёкүшюзанбатбаяр оффшор дансандаа их мөнгө нуусан гэсэн ойлголттой явж байгаа. Үүнийг л залруулах гэж зорьж байгаа юм. Би бол төрөөс төрсөн тэрбумтан биш. Хөдөлмөрөөрөө хөлсөө гаргаж олсон гэдгээ ч хэлдэг шүү дээ.
 
-Та 2008 оны тавдугаар сараас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлсний дагуу Д.Кёкүшюзанбатбаяр нэрээр явж байгаа юм байна. Тэгэхээр оффшор бүсэд бүртгэлтэй Даваагийн Батбаяр гэдэг хүн хэдэн онд оффшор дансанд мөнгө байршуулсан юм бол. Энэ талаар танд хэр мэдээлэл байна?
 
-Даваагийн Батбаяр, н.Бум-Эрдэнэ гэсэн хоёр хүний хамтарсан компани байдаг юм билээ. Энэ хоёр хүн холбогдох байгууллагуудаар шалгуулаад эхэлсэн байгаа. Дээрх компанийг 2007 онд байгуулаад буцаад цуцалсан гэсэн.
 
-Нийтэд эргэлзээ төрүүлээд байгаа ижил нэртэй гэх Даваагийн Батбаяр гэж хүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
 
-Даваагийн Батбаяр, н.Бум-Эрдэнэ хоёрын асуудал шалгагдаж байгаа. Тэр хүний зураг болон эрхэлж буй ажлыг нь ил гаргах нь хууль зүйн үндэслэлгүй учраас боломжгүй гэж бодож байна.
 
-Оффшор дансны асуудал хоёр долоо хоногийн өмнө сөхөгдөхөд нэр холбогдсон хүмүүс хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдэж байсан. Танаас өөр шалгуулж байгаа хүмүүс байна уу?
 
-АТГ болон хуулийн байгууллагуудад нэр холбогдсон 49 хүнээс оффшор дансаа өөрөө шалгуулсан нь миний бие. Одоогоор өөр хүмүүс хандаагүй байгаа юм билээ.
 
 -АН-ын дарга З.Энхболд болон удирдлагууд оффшор данстай гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ эхнээсээ илэрхийлээд байгаа. Үүнд намын гишүүний хувьд ямар бодолтой байна?
 
-АН оффшор данстангуудаа нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их явж байна. Тэр тусмаа С.Баярцогт, Д.Кёкүшюзанбатбаяр хоёрыг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл цацагдах болсон. Хамгийн гол нь би нэр дэвших гэж байгаадаа биш. Мэдээж монголчууд оффшор дансанд муу муухай мөнгөө нуусан гэж ойлгож байгаа. Тиймээс би оффшорын асуудлыг юуны өмнө албан ёсоор шалгуулж, Д.Кёкүшюзанбатбаяр оффшор дансгүйг олон нийтэд хэлж байгаа юм. Их Британийн орнуудад мөнгөө нуусан тэр тусмаа өндөр албан тушаал хашиж байхдаа мөнгө нуусан бол хууль зөрчсөн гэж үзэж байна.
 
Харин ижил нэрнээсээ болж андуурал гарч, хэлмэгдсэн байх магадлал өндөр. Тэгэхээр хувь хүн бүр өөрийн ухамсраараа шалгуулах нь зүйтэй. Өнөөгийн Монгол Улсын хуульд оффшор данстай байж болно, болохгүй гэсэн заалт байдаггүй. Нэр бүхий гишүүд оффшорын хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ сонгууль ойртсон энэ эгзэгтэй үед яаран хууль батлах боломжгүй гэж бодож байна. Харин сонгуулийн дараа үүнийг сайн судалж байж шийдэхгүй бол энэ маш том асуудал шүү.
 
-Та 2016 оны сонгуульд аль тойрогт нэр дэвших вэ. Нэр дэвших хүсэлтээ намдаа хүргүүлсэн үү?
 
-Юуны өмнө энэ талаар хэвлэлийнхэнд хандаж байгаа нь нэр дэвших эсвэл сонгуультай ямар нэг холбоогүйг хэлмээр байна. Ер нь нэр дэвших хүсэлтээ АН-д илэрхийлсэн. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш хуралдаж, нэр дэвшигчдээ  тодруулна. Энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо хурлаараа хэлэлцээд, Д.Кёкүшюзанбатбаяр, С.Баярцогт хоёрыг нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдгийг шийднэ.
 
Миний бие 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, хамгийн олон саналаар гарч байсан. Олон ч ажлыг хийсэн. Ер нь нэр дэвших хүсэл байгаа. Эрч хүч байна. Хэдийгээр Японы сүмод зодгоо тайлсан ч би өөрийгөө залуу бөх, тамирчин гэж бодож байна. Надад эрч хүч, сэтгэл байна.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин