sonin.mn
 
Азийн театрын боловсролын төвийн энэхүү  чуулга уулзалтыг  амжилттай зохион байгуулсан нь  Монголд болох АСЕМ-ийн салхийг хагалсан үйл явдал боллоо хэмээн урлагийн салбарынхан дүгнэж байна.
 
Улаанбаатар хотноо тав хоног үргэлжилсэн Дэлхийн театрын хоёрдугаар чуулган, Азийн театрын боловсролын дөрөвдүгээр наадам өндөрлөлөө. СУИС-ийнхан  энэ сарын 19-нөөс 23-ны өдөр Азийн театрын боловсролын төвийн энэхүү  чуулга уулзалтыг  амжилттай зохион байгуулсан нь  Монголд болох АСЕМ-ийн салхийг хагалсан үйл явдал боллоо хэмээн урлагийн салбарынхан дүгнэж байна.  
 
Театр судлаач, эрдэмтэн, багш нар, оюутан залуус гээд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрхмүүд эдгээр өдөр урлагаар амьсгаллаа. Уран чадварын нээлттэй хичээлээс эхлээд наадамд сойсон жүжгүүд нь орчуулгагүй ч ойлголцож байсан нь урлаг хэмээх зүйлд хил хязгаар байдаггүй гэдгийг харуулна. Мөн энэ удаагийн наадмын бэлгэдлээр сонгосон үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг нь театрын төлөө үүрд нэгэн санаагаар, үргэлж багаараа зүтгэх гэсэн Азийн театрын боловсролын төвийн зорилготой нэгэн утга агуулж байна. Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг нь чуулганд оролцсон зочдын энгэр дээр, охидын гэзгэн дээр, тайзны хойморт,  угтах танхим, СУИС-ийн хана, хаалга гээд урлагийн баярын ойр орчимд цомирлогоо дэлгэж байв.
 
Дүрслэх дизайн урлагийн их сургуулийн эсгийгээр урласан цагаан уул цэцэг ийнхүү чуулга уулзалтыг бүхэлд нь гоёж,  монголчууд гар урлалаа ч ирсэн зочдод танилцуулж амжсан. Дэлхийн 10 гаруй орны, 200 орчим төлөөлөгч хүлээн авч олон улсын томоохон чуулга уулзалт, наадам зохион байгуулна гэдэг  амаргүй ажил. Гэсэн ч  СУИС-ийнхан маань нэлээд хүчин чармайлт гаргасан гэдэг чуулганы үеэр харагдаж байв. Сургуулийн орчныг  наадмын гоёмсог цогц хотхон болгон хувиргасан байлаа.  Буган чулууны дэргэдээс тунгалаг уст гол горхи цэлэлзэн, наадмын хүндэтгэлийн  тайзыг   тэрхүү  голын дээгүүр тавьсан  гоёмсог нуман гүүрээр холбосон нь  үзэмжтэй сайхан.  Хашаа дагуулан эгнэсэн цагаан асруудад  уран зургийн үзэсгэлэн дэглэж, зочид тухлах ширээ сандал байрлуулжээ.
 
Хөгжим эгшиглэн анивчин асах өнгө өнгийн гэрэлд голын ус солонгорон,   аль хэдийнэ найз нөхөд болсон залуус, эрдэмтэн багш нар дурсгалын зураг татуулж, хөөр баяртай шуугилдана.  Энэ үеэр Азийн театрын боловсролын төвийн ерөнхийлөгч, Хятадын театрын төв академийн захирал Сүй Сянгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Улаанбаатарт  өнгөрүүлсэн зургаан өдөр утга агуулга дүүрэн байлаа. Монголын ард түмэн, СУИС-ийн хамт олонд  баярлалаа. Та бүхэн олон улсын соёлын солилцоог өргөн хүрээнд хийж бие биенээсээ суралцах сайхан завшааныг бүрдүүлсэн байна. Улаанбаатарт болсон энэхүү чуулга уулзалт бидэнд хэзээ ч мартагдахгүй дурсамж дүүрэн цаг хугацааг  үлдээлээ. Бид Улаанбаатарт хайртай, бидний нөхөрлөл үүрд мөнх байх болно.
 
Монгол хүний сэтгэл тал шигээ уужуу юм.  2017 оны чуулган  Бээжинд  болно. Урлагт хайртай бүгдийг урьж байна” гэлээ. Дэлхийн театрын боловсролын хоёрдугаар чуулган Монгол Улсад анх удаа болсон бөгөөд Азийн театрын боловсролын сургуулиудын удирдлагууд хуралдаж,  “Нийгэмд чиглэсэн театр: Сонгодог жүжгийг тайлан тайлбарлахуй” эрдэм шинжилгээний бага хурал хийсэн юм. Мөн энэхүү чуулгантай хамт Азийн театрын сургуулиудын дөрөвдүгээр наадам болсон. Дөрөвдүгээр наадамд Азийн орны театрын урлагийн оюу­тан, багш нар өрсөлдөж, олон улсад нэр хүндтэй шүүгчид найман жүжгийг шалгаруулан дүгнэсэн юм.
 
Үүнээс нэгдүгээр байрт Япон, дэд байрт Хятадын төв академи харин гуравдугаар байрт  Солонгосын уран бүтээлчид орж, шагналын эзэд болцгоолоо.  Харин манай улсаас СУИС-ийн оюутнууд “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр оролцож, П.Дайриймаа, Г.Норовдаян нар шилдэг гол дүрийг шагнал авчээ. Манай орны уран бүтээлчид өмнөх наадмуудад ч амжилттай оролцож байжээ.  2009 онд Н.Ганхуяг багштай жүжигчний ангийнхан “Чулимскэд өнгөрүүлсэн зун” бүтээлээр анх оролцон, Азид Монголын театрын урлагийг таниулж байжээ.  2010 онд Ж.Лхамхүү багшийн шавь нар А.П.Чеховын “Хэтэвч” бүтээлээр “шилдэг жүжигчин”, “шилдэг дүр”-ын шагнал хүртэж байсан түүхтэй.    
 
Чуулганы шагнал гардуулах ёслолын үеэр СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос “Манай сургуулийн түүхэнд гайхамшигтай сайхан өдрүүд болж өнгөрлөө. Энэ таван хоногт бид үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгийн нэгэн том баглааг бүтээж чадлаа. Гар, сэтгэл нийлэн хамтран ажилласан орон орны хүндэт зочид, эрдэмтэн багш, судлаачид, эрхэм оюутан залуус, Азийн театрын боловсролын төвийн удирдлагад баярлалаа. Та бүхнийг бид үргэлж санах болно” гэж байв.  
 
Ийнхүү Дэлхийн театрын хоёрдугаар чуулган, Азийн театрын боловсролын дөрөвдүгээр наадмыг монголчууд амжилттай зохион байгуулж, урлагийн түүхэнд нэгэн үйл явдал цаасан дээр хараар бичигдэн үлдлээ.  Чуулганд оролцогчид “Баяртай СУИС, баяртай Улаанбаатар.  Бид Монголд хайртай” хэмээн чин сэтгэлээсээ хэлж дараагийн уулзалтаа 2017 онд Бээжинд хийхээр товлон Монголоос мордов.
 
 
 
СУИС-ийн оюутнууд “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр оролцож, П.Дайриймаа, Г.Норовдаян нар шилдэг гол дүрийн шагнал авчээ.
 
 
 
Сургуулийн орчныг  наадмын гоёмсог цогц хотхон болгон хувиргасан байлаа.  
 
 
2017 онд болох Дэлхийн театрын гуравдугаар чуулган  Бээжинд  болно.
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин