sonin.mn
Дэлхийгээр аялагчдын мөрөөдлийн жагсаалт дахь улс бол яах аргагүй Турк улс юм. Энэ улсаас өнө эртний барилга байгууламж, сүм хийд, хаадын харш, алдартай томоохон захууд, гараар урласан хээ хуаран хивс, алтадсан урлагийн бүтээл, усан тамхи, таазны бүжиг, тэнгис далайн аялал гээд үзье харья гэвэл тоо тоймгүй их зүйл бий.
 
Гэхдээ тус улсыг бүтэн тойрох цаг хугацааны боломж болоод санхүүгийн даац хүн бүрд бий бил үү гэвэл бас л асуудалтай. Тиймээс турк орноор аялаад ирсний хувьд энэ улсыг бүхэлд үзэх боломжгүй бол Истанбул хотыг зориход алд дэрэм зөрөхгүй байх хэмээн хэлэх байна. 
 
Аян замын тэмдэглэлээ хүүрнэхийн өмнө энэ улсыг тодотгох үүднээс тоймтой хэдэн тоо баримт өгүүлье. Одоогийн Турк улсыг 1923 онд байгуулсан. Ерөнхийлөгч нь Режеп Тайип Эрдоган юм. Тэрбээр 4 жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа манай улсад айлчилж байсан удаатай. Турк нь 75 сая хүн амтай. Газар нутгийн хувьд тэгш өнцөгт хэлбэрийн 783.562 км2 газар нутагтай, Ази Европ хоёр тивийг дамнан тогтсон. Өөрөөр хэлбэл, нэг өдрийн дотор Азид, бас Европд хөл тавих боломжтой гэдгээрээ онц сонирхолтой. Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгтой. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Истанбул. 1923 онд Турк улсыг байгуулахын өмнө нийслэл нь Истанбул байсан тул хуучин нийслэл ч гэж нэрлэж болно. Анкара 5 сая хүн амтай бол Истанбул 20 сая хүн амтай. 
 
 
Турк улсад хөл тавьсан миний анхны газар бол Истанбул байв. Улаанбаатараас Истанбул хүрэхийн тулд дунд нь Бишкект нэг цаг орчим үдлэнэ. Нислэгт нийтдээ 10 цаг зарцуулна. Туркэд хийсэн миний аялал энэ сарын 14-нд Ататуркийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар эхэлсэн. Хөл тавьсан даруйдаа хотоор зугаалж чадсангүй. Учир нь таван цагийн дараа Анкара руу нисэх байсан тул онгоцны буудалтай танилцсанаар аялал эхлэв дээ. Барилга байгууламж, сойсон онгоцны тоо, ажиллаж буй хүн хүчний байдал зэргээс харахад тус буудал дэлхийд дээгүүрт жагсдаг болохыг илтгэнэ. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэгдээ хэдэн минутад онгоц нисч байгааг аялалын маань хамтрагч тооллоо. Бараг 2-3 минутад нэг нислэг үйлдэж байх юм гэнэ.
 
Тэгэхээр нэг өдөрт энэ буудлаас хэдэн хүн нисч, хэдэн хүн ирж байдгийг цээжний пангаар хэлэлтгүй. Ойр хавьд бас нислэг хүлээсэн бололтой янз янзын хүмүүс хөлхөлдөнө. Зарим нь буфет бараадасхийн цаг нөгцөөнө. Нөгөө нэг хэсэг нь бэлэг дурсгалын худалдаа эргүүлдэж харагдана. Арай тохьтой томоотойчууд нь ном уншиж суух. Бид орон нутгийн нислэг хүлээж байгаа болохоор манай хаалга хавиар туркчууд голдуу царай зүсний улс зогсоно. Би явж байна, Бээжин сууж байна гэдэг шиг таван цаг юу юугүй өнгөрч, Анкара руу ниссэн дээ.
 
 
Аялал Анкара-Газиантипаар үргэлжилсний эцэст Истанбулд энэ сарын 18-ны өдөр эргээд ирэв. Шөнө хагаслаж ирсэн тул тэр даруйдаа унтахын түүс болов. Маргаашнаас нь эхлээд ажиллангаа Истанбултай, тэр дундаа туркчуудтэй, тэдний ахуйтай нүүр тулж танилцлаа. Туркууд их элгэмсэг харилцаатай юм билээ. Үйлчилгээний салбарынхан бол хэзээнээсээ гадна дотныхонтой харилцаад сурчихсан. Ганц нэг үгээр хүсэлтээ илэрхийлэхэд хангалттай. Манайд хүүхнүүд голдуу зөөгч хийдэг бол тэнд эрчүүд нь зөөгч хийх юм. Тэнд амьдардаг нэгний ярьж байгаагаар гэрлэсэн бол нөхрүүд өөр дээрээ санхүүгийн асуудлаа авдаг. Тиймээс эхнэрүүд нь ажил хийхгүй байх нь энгийн үзэгдэл гэнэ.
 
Аялалынхаа үеэр хүмүүнлэгийн чиглэлийн хэд хэдэн байгууллагаар орж, ажилтай нь танилцав. Уулзалтын ширээн дээр амттан тавьсан байх ба турк цайгүйгээр уулзалтыг төсөөлөхийн аргагүй. Цайгаа нарийн, хундага шиг хэлбэртэй тунгалаг шилэн аяганд аягална. Гаднах өнгөнөөсөө өтгөн байхуу шиг. Гэхдээ яг тийм өнгөтэй гэж өнгө заахад хэцүү. Туркууд өөрсдөө цайгаа туулайн цусны өнгөтэй хэмээн ярьдаг аж. Хоёр давхар данханд цайгаа чанадаг ба дээд талынхад нь хандаа, доод талд нь усаа хийдэг. Чанаж дууссаны дараа хооронд нь хольсноор жинхэнэ цайны амтыг гаргаж чаддаг гэх. Амттаны хувьд голдуу нялуун талдаа. Нялуун юм уу гэхээр ганц нэгийг амсахаар ногоо цагаа амтагдах шиг.
 
 
Монголчууд муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа гэдэг. Гэхдээ тухайн орны хоол хүнс ямар байх нь аялалын сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг гэж боддог. Тиймээс турк хоолны талаар бичиж оруулах нь зөв байх. Үндэсний хоолны хувьд махны орц их талдаа. Сонгож олж идвэл монголчуудын хувьд өлсөхийн зовлонгүй. Шарсан мах шиг эсвэл бөөрөнхий мах шиг гээд бидэнд ойр хоол олонтой. Махны үнэ өндөр. Нэг кг мах 30 мянган төгрөгөөс эхэлнэ. Үхэр, хонины махыг улаан мах, загас тахиаг цагаан мах гэж нэрлэдэг. Ногоо, самрын хэрэглээ өндөр. Тиймдээ ч тэр үү туркүүд нийтээр таргалалтад өртөөгүй хүмүүс юм. 
 
Эрчүүд нь дундаж нуруутай, өтгөн хөмсөг, том алаг нүдтэй. Эмэгтэйчүүд нь тун царайлаг. Мөн л нүд хөмсөг болсон хүмүүс байх юм. Хүүхдүүдийнх нь эгдүүтэй, хөөрхөнийг яриад ч хэрэггүй биз дээ. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ их эрхлүүлэх юм. Огт танихгүй хүн руу гараа зангидаад цохиж байхад аав ээж нь ч юм хэлэхгүй юм, нөгөөх хүн нь ч тоохгүй инээж л суух. Бүр эгдүү нь хүрсэн бололтой барьж аваад үнсэж ч байх шиг.
 
Эцэг эх нь ер тоосон шинжгүй, харсан ч хараагүй янзтай, эгдүүцэж уур цухал болохгүй юм. Энд тэндхийн цайны газрын үйлчлэгч нар бага насны хүүхдүүдийг эрхлүүлж, нүд амаа янз янз болгож байгааг олонтаа харж явлаа. Зарим аав нар бүр хүүхэд рүүгээ анхаарч байгаа үгүй нь үл мэдэгдэнэ. Ээж нар нь л хүүхдэдээ чирэгдээд хаа явья гэсэн газар нь явж харагдах. Ер нь тэндхийн амьдрал их тайван. Хоолны дараа нэлээд ярьж суух юм. Тамхи их татна аа. Архины хэрэглээ бол байхгүйтэй адил юм уу гэж бодогдсон.
 
 
Туркээр аялсан тохиолдолд худалдаа наймаа сонирхдоггүй хүн гэж бараг байхгүй байх. Сэтгэлд нийцсэн үнэ гэдэг бол аялалын бас л нэг төрлийн сэтгэл ханамж билээ. Тэнд 6-8 сард зуны хямдрал үргэлжилдэг бол 1-3 сард өвлийн хямдрал болдог гэнэ. Онож бараагаа авбал хямд бас чанартай. Тухайлбал, шилэн хоолойгоор холбосон хоёр залгаа дэлгүүр байлаа гэхэд нэгэнд нь дэлхийн үнэтэй брэндүүдийг нэг дор цуглуулсан бол нөгөө хэсэгт нь боломжийн үнэтэй, гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бараа бүхий брэндүүдийг төвлөрүүлсэн байх жишээтэй. Харин томоохон захуудаар бол үндэсний онцлогтой гар болон дарханы урлал, хувцас, эд хэрэглэлийг хэд бол хэдэн янзаар хийж тавьсан байх бөгөөд үнэ тохирч худалдан авалт хийх боломжтой. Худалдаа наймааг голчлон үндэсний мөнгөн тэмдэгтээр явуулна. Туркийн мөнгөн тэмдэгт нь лир. Одоогийн ханшаар бол манай 700 орчим төгрөгтэй тэнцэнэ. Тиймээс худалдан авалт бүрт шилжүүлж бодох хэрэгтэй. Өөр нэг шилжүүлж боддог зүйл бол цаг. Манайхаас зургаан цагийн зөрүүтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
 
 
Истанбул бас л түгжрэл ихтэй. Жолооч нар нь юу юугүй хүн шүргэчихээр аятай болсноо л хажуугаар нь яваад өнгөрчихнө. Тэглээ гээд бие биенээ загнаж, харааж байгаа хүн алга. Амьсгаа авахын зайгүй сигналдаад байгаа хүн ч алга. Нийтийн тээвэрт бүх төрлийн унаа ашиглана. Хаанаас хаа хүрдэг гэх маршрутыг нь нэг ойлгочихвол хотоор явахад газардамгүй. Тэнгис далайтай газар юм хойно жижиг завиас аваад том усан тээврийн онгоц хүртэл байх. Алдартай Босфорын хоолойгоор усан онгоцоор аялж үзлээ. Усан онгоцны аялал бараадсан худалдаа арилжаа яваад байна уу, аль эсвэл арилжаа наймааг дагасан усан аялал уу бүү мэд. Бум бужигнаж, түм түжигнэсэн газар байх. Манайхан нэг наадмаар бужигнадаг даа. Нэг тиймэрхүү.
 
Гэтэл тэр өдөр Залуусын баярын өдөр таарсан тул илүү их хөл хөдөлгөөнтэй байж таарчээ. Тэнд Залуусын өдрөөрөө бүх нийтээрээ амардаг гэнэ. Баярын  өдөр яадаг билээ дээ, хэвлэл мэдээлэл, эмнэлэг цагдаа, үйлчилгээнийхэн гээд өнөө л жишиг болсон хэдэн хүн ажиллаж л байх юм. Өөр нэг анзаарсан зүйл бол машин. Хотоор давхилдах машины ихэнх нь хөнгөн тэрэг зонхилно. Амьдрал сайн хэдий ч машины татвар өндөр. Зуун сая төгрөгийн үнэтэй машин байлаа гэхэд татварт 50 саяыг өгдөг. Энэ нь магадгүй нэг талдаа жижиг тэрэг унах шалтгаан болдог биз ээ.
 
Истанбул гаднаасаа ч дотроосоо ч их сонирхолтой хот. Шинэ цагийн барилга байгууламжийн хажууд хэзээ хэзээгүй нурах шахсан байшин ч байж байх. Бүр төмрөөр цонхыг нь битүүлсэн байр сууц ч байж байх шиг. Аль эсвэл хажуугаасаа нураад эвдэж сүйдсэн балгас туурь ч байх. Тэглээ гээд муу муухай гэж харагдахгүй нь гайхам. Ямар хот төлөвлөлт энд үйлчлээд байгааг сайн ойлгоогүй ч хуучнаа сайн хадгална гэдэг он цагийн ээлжинд “чулуу” болдгийг харуулж байх шиг санагдав. Энэ бүхний дунд нэг зүйлийг анхаарахгүй байхын аргагүй.
 
Тэр бол туркийн далбаа. Хамгийн их үзэж болох зүйлийн нэг бол тус улсын далбаа юм. Албан байгууллага, зочид буудал, дэлгүүр хоршоо, гудамж талбайд бүр хөдөөх газрын өндөрлөг бүхий толгодод хүртэл Туркийн далбаа намирч үзэгдэнэ. Далбаагаа том жижиг янз янзаар хийж, хаа сайгүй байрлуулах юм. Шалчийж унаад байхааргүй даргар материалаар хийх нь улам ч сүрлэг харагдуулдаг юм билээ. Айлууд нь хүртэл тагтан дээрээсээ далбаа унжуулсан байх ба хэрэв ямар нэг баяр, эсвэл халдлага болж хүн амьтан үрэгдвэл бүр олноороо далбаагаа гаргаж хатгадаг гэнэ.
 
 
Турк бол манай улсын гуравдагч хөрш. Тиймээс тус улсаас боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүрийн гуравдугаар сард зарладаг. Цахимаар бүртгэлээ явуулдаг бөгөөд туркийн талын төлөөлөл Монголд ирж шалгалт авдаг. Тэнцсэн тохиолдолд суралцагсад 9 сараас туркэд ирж суралцдаг. Эхний нэг жил хэлний бэлтгэлд хамарна. Зарим их дээд сургууль дахин англи хэлний бэлтгэлд суух шаардлага тавьдаг. Ихэнх сургууль 4 жилээр сургалтаа явуулдаг.
 
Анагаах, эм зүйчийг 5 жилээр сургадаг. 100 хувийн тэтгэлэг авсан тохиолдолд сургалтын төлбөр, дотуур байр, онгоцны тийз, хоол хүнс, эмчилгээний зардал бүгд багтана. Сарын тэтгэмж гэж бакалаврын сургалтад сард 200 ам.доллар өгдөг ба магистр, доктор бол арай илүү тэтгэмж өгдөг аж. Тэтгэлгээр сурсан тохиолдолд хаанаас ирсэн тэр улс руугаа буцахыг хүсдэг. Хэрэв туркэд үлдэж ажил амьдрал хөөнө гэвэл тэтгэлгийнхээ 60 хувийг буцааж авдаг гэсэн мэдвэл зохих асуудлыг дурдалгүй өнгөрч боломгүй. БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр манай улсад 1992 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоогоор 1000 орчим залуус Засгийн газрын тэтгэлгээр болон хувиараа сурч байгаа аж.Төгсөгчдийн хувьд 2000 даваад буй.
 
Тус улсын албан ёсны хэл бол Турк хэл. Манайтай ижил төстэй үг тэдний үгсийн санд нэлээдгүй байдаг гэнэ. Тухайлбал, Чингис-Жэнгис, сандал-сандале, арслан-аслан, ус-су, дэвтэр-дэфтэр хэмээн бичиж ойлгодог нь сонирхол татав. Истанбул төдийгүй Турк улс өөрөө хоёр тив дамнасан газар нутагтайн хувьд олон орны хэл үйлчлэх юм. Олон хэлээр харилцах боломжтой. Аялалын хугацаанд харин нэлээд олон шалгалт давах байх шүү. Дэлгүүрт орлоо ч соронзон дохиолол бүхий хаалгаар орж гарна. Орсон даруйд тань харгалзаж зогсоо хэн нэгэн таны цүнхийг дахин гар шалгагчаар шалгана. Онгоцны буудал дээр бол бүр хамгаалалтын албаныхан таныг гараараа тэмтэрч шалгасны дараа нэвтрүүлнэ. Туркэд өнөө цагт аюулгүй байдал нэн чухалд тооцогдож байна.
 
Аргагүй ч юм. Хил залгаа бүс нутагт дайн дажин болж байхад анхаарахгүй өнгөрнө гэж юу байх вэ. Аялалын хугацаанд Анкара хотод хоёр ч газар буутай тусгайгийнхан бололтой нөхдүүд гүүрэн дор зогсож байгааг харсан бол Газиантип хотын захиргааг буутай цагдаа хүчнийхэн нийтийн өмнө харгалзаж зогсоо нь нүдэнд тусч л явлаа. Тэглээ ч турк орон өнөөх туг далбаагаа  намируулан, олноороо амар жимэр амьдарч байна. 
 
 
Амьдарья гэвэл Анкараг, аялъя гэвэл Истанбулыг сонгоорой гэх хувийн зөвлөгөө өгье. Хэрэв энэ улсад ажиллаж амьдрах, сурч боловсрох алин болов ч ахин нэг мэдээлэл цуглуулна биз. Улаанбаатар-Бишкек-Истанбул-Анкара-Газиантип-Истанбул-Бишкек-Улаанбаатар гэсэн маршрутаар 7 хоног аялсан хүний хувьд энэ мэт үзсэн харсантай, харсан үзснээ дүгнээд бичсэн ийн нэгэн аян замын тэмдэглэлтэй үлдэж байна. 
 
Аялалын маань хугацаанд өдөртөө илч гийсэн нартай, шөнөдөө зөөлөн сэвшээ бороотой, ихэнх хугацаанд сэр сэр салхитай, юм юм нь тэгш дулаан сайхан өдрүүд үргэлжилж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Товчдоо бол монгол шиг цаг агаартай гэсэн үг. Мэдээж аялал юм болохоор бага сага адал явдалтай. Мартагдахааргүй гэгээн аялал байв. Үүгээр энэ удаагийн аян замын тэмдэглэлээ өндөрлөж байна. Монгол заншлаар аян замын ерөөл өргөе. Турк орноор аялах дараагийн хүн нь та байг.
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг