sonin.mn
 
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болж буй Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-ын Дэлхийн Ассамблейн 84 дэх удаагийн Ерөнхий чуулганд Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд оролцож байна.
 
 
Чуулганы үеэр тэрээр тус байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд Монгол улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд М.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.
 
 Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монгол Улсын малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны гол хориг болсон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мал эмнэлэгийн салбарын чадавхийг дээшлүүлэхэд ДМАЭМБ-ын үзүүлж буй тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулахад үзүүлсэн техник туслалцаа, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгааг дурдав.
 
Түүнчлэн Ерөнхий Чуулганаар Монгол улс Шүлхий өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж батлуулах, Зүүн хойд азийн шүлхийн хяналтын хөтөлбөрт нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх бөгөөд цаашид Монгол Улсын төвийн бүсийг Олон улсын худалдааны хорио цээрт малын гоц халдварт өвчингүй тайван бүс болгоход ДМАЭМБ-ын туслалцаа дэмжлэг чухлыг онцлов.
 
Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элсээд удаагүй боловч хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, богино хугацаанд ахиц дэвшил гаргасан цөөхөн орны нэг гэдгийг ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх улмаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
 
 Мөн мал амьтны өвчнөөр тайван, эрүүл орон болох ялангуяа эрүүл бүс байгуулахад  хил залгаа орнуудын хамтын ажиллагаа, тэдний дэмжлэг, Монгол улсын Мал эмнэлгийн албаны бүтэц, хууль эрх зүйн орчныг шинэчлэх нь их чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд цаашид энэ асуудлаар ДМАЭМБ туслалцаа үзүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
 
Уулзалтын төгсгөлд ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа ХХАА-н сайд Р.Бурмаагийн урилгыг хүлээн авч, удалгүй Монгол Улсад айлчлахаа илэрхийллээ гэж ХХААЯ-наас мэдээллээ.