sonin.mn
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай Г.Хассельфэльдт Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн Н.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2016.05.06/ түүнтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд хатагтай Г.Хассельфэльдтийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд түүний энэхүү айлчлал сонгуулийн цаг үетэй давхцаж байгааг дуулгав. Тэрээр, ХБНГУ нь манай улсын гуравдагч хөрш улс бөгөөд ардчиллыг хөгжүүлж ирсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд бидэнд хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Ялангуяа Ханс Зайделийн сан манай улсын эрх зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хэмээн онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ, Бид эрүүгийн эрх зүйн багц шинэчлэлийг хийж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Өмнөх 2002 онд хийсэн өөрчлөлт шинэчлэлтэд Германы туслалцаа, хувь нэмэр их байсан. Цаг үеийн өөрчлөлтийг дагаад дахин шинэчилж байна гэлээ.
ХБНГУ-ын Бундетагийн гишүүн хатагтай Г.Хассельфэльдт парламентын гишүүдтэй уулзах завшаан тохиосонд баяртай байна хэмээгээд манай хоёр орны парламент, гишүүд хоорондын харилцаа эрчимжиж, улам батжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Мөн Ханс Зайделийн сан Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт үнэ цэнэтэй байж, олон жил найдвартай, тогтвортой ажиллаж байгааг сонсоход сайхан байна хэмээгээд гишүүдээс Улсын Их Хурлын үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоо, хүний эрхийн талаар асууж, ярилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хатагтай Г.Хассельфэльдтийн энэхүү айлчлал Улсын Их Хурлын чуулганы түр завсарлагааны үеэр таарсныг дурдаад Парламент, Засгийн газрын зүгээс засаглалыг тогтвортой байлгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн намуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлага байгааг хэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл 2000 оноос хойш хүний эрхийн асуудлаар ажиллаж ирснээ танилцуулаад эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлан гаргасан төдийгүй цаазаар авах ялыг бүр мөсөн хориглож, хуульчилсныг дуулгасан. Уулзалтын төгсгөлд тэрээр хатагтай Г.Хассельфэльдтийг Хархоринд зочилж, Монгол-Германы соёлын хамтын ажиллагааны тэр дундаа археологийн олдворын судалгааны ажлын жишиг болсон ил музей болон Алтай ятга тэргүүтэй олон олдворыг үзэж сонирхохыг хүслээ.
Уг уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманн, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Б.Солонго болон албаны бусад хүмүүс байлцлаагэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.