sonin.mn
 
Монгол Улс эрүүл эдийн засагтай болохыг хүсвэл татварын систем, бүртгэл тооцоогоо ил тод болгох ёстой гэдгийг ГТЕГ-ын дарга С.Пүрэв өнөөдөр болсон “Эрүүл эдийн засаг татварын оролцоо” хэлэлцүүлгийн үеэр онцлов.
 
Хэлэлцүүлгээр татварын тогтолцооны өмнө тулгамдаж буй асуудал, татвараас бүрдүүлэх орлогыг ил тод, нээлттэй болгох зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар баталж, хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын төсөв, худалдан авалт олон түмэнд ил тод, нээлттэй болсон билээ. Эрүүл эдийн засаг гэдэг нь аж ахуйн нэгж нууц хөрөнгөгүй, татвар төлөлтийн бодлого ил тод нээлттэй байхыг хэлнэ. Татварын систем, бүртгэлийг ил тод "шилэн" болгосноор зөвхөн төрийн байгууллагууд бус аж ахуйн нэгжийн орлого ил тод болж, тэр хэмжээгээрээ татвар төлөлт нэмэгдэнэ гэдгийг СПүрэв хэллээ.
 
Тэрбээр, “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд гаруй төгрөгийн нууц хөрөнгө ил болсон. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1.5 дахин их юм. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 64 мянган аж ахуйн нэгжийн татварын орлогоор төсвийнхөө 80 хувийг бүрдүүлдэг манай орны хувьд энэ нь маш том амжилт юм. Хэрэв энэ хуулийг батлаагүй бол 5, 6 жилийн дараа 60 их наяд гаруй төгрөгийн асуудал хөндөгдөж ч магадгүй байлаа” хэмээв.
 
Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын урамшуулал, сугалааны хүрээнд улсын хэмжээнд 36 мянга 800 гаруй баримт хэвлэх цэгээр нийт 69 сая 700 мянган баримт хэвлэжээ. Өнгөрсөн хугацаанд явагдсан 11 сугалааны дүнгээр нийт 122 мянга 65 хүн 7.2 тэрбум төгрөг хожсон байна. Тухайлбал, 400 сая, 200 сая төгрөгийн эзэн тус бүр 1 хүн тодорсон. Мөн 20 сая төгрөг 8 иргэн, 4 сая төгрөг 100 хүн, 1154 азтан 500 мянган төгрөгийн эзнээр тодорчээ. Түүнчлэн 100 мянган төгрөг 10 мянга 914 хүн, 20 мянган төгрөг 109 мянга 884 хүн хожсон байна. www.ebarimt.mn цахим хуудсанд хандсан хүмүүсийн тоо энэ сарын байдлаар 4.5 саяд хүрч, нийт 413 мянга гаруй хүн баримтаа бүртгүүлдэг болсноор хандалтаараа Монгол Улсын шилдэг цахим хуудсаар шалгарчээ. Уг систем нь зөвхөн татварын орлого бүрдүүлэх, иргэдэд буцаан олголт өгөхөд нөлөөлөөд зогсохгүй улсын төсвөөс гарах мөнгийг ч хэмнэж байна. Өмнө нь цаасан баримт хэвлэхэд улсын төсвөөс 300 сая төгрөг зарцуулдаг байсан бол www.ebarimt.mn цахим хуудас ажилласнаар энэ мөнгийг өөр зүйлд зарцуулах боломж бүрдсэн гэдгийг ГТЕГ-ын Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулга танилцуулав.
 
Тэрбээр, “Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан газрууд НӨАТ-ын системд бүрэн хамарсан. Одоо иргэдийн олноор үйлчлүүлдэг хүнс, барааны захууд, үсчин гоо сайхан зэрэг жижиглэнгийн бизнес эрхлэгчдийг хэрхэн зардал багатайгаар НӨАТ-ын системд оруулах вэ гэдэг асуудал тулгараад байна. НӨАТ-ын тухай хуулиар сард 50 сая төгрөгөөс доош орлоготой бол заавал кассын машин авах шаардлагагүй. Манай байгууллагаас хийсэн судалгаагаар Баянзүрх захад мах зардаг иргэн өдөрт 3-4 сая төгрөгийн борлуулалт хийж байна. Энэ НӨАТ-ын 50 сая төгрөгийн босгыг давсан үзүүлэлт. Тиймээс бид ойрын хугацаанд технологийн зөв шийдлийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
 
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болж байгаа нь өмнөх татварын бодлогын алдааг бүрэн харуулж байгаа юм. Тиймээс татварын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
 
Тухайлбал МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав дээр дурьсан хоёр хуулийн үр дүнг сайшаагаад “Одоо УИХ-аар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Энэ хуулийг баталж чадвал татварын систем бүр илүү нээлттэй болно. Үүний өмнө Нягтлан бодох бүртгэл, Аудитын хуулийг бүгдийг шинэчилж баталсан. Энэ одоо хэлэлцэж байгаа 3 хуулийг Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тухай хуультай нарийн уялдуулсан. Ингэснээр хөрөнгө нуух боломжийг хязгаарлах, зах зээлээ бүтнээр нь харж, бодлого төлөвлөлтөө боловсруулах боломжийг бүрдүүлнэ” хэмээв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр