sonin.mn
Эрдэнэтийн сонгогчид АН доторх тулааныг эхэндээ сонирхож эцэстээ залхаж гүйцээд байна. М.Батчимэг бол боловсролоор ч, бэл бэнчингээр ч АН дотроо нэр дэвших боломжтой цөөхөн эмэгтэйчүүдийн нэг.
 
Тойрогт нэр дэвшихээр Эрдэнэтийн АН-ын дарга болж сүүлийн хоёр жилийн турш тэнд ажилласан. Гэвч сүүлийн мөчид тэндээс дэмжлэг авахгүйгээ мэдээд нэрээ татав. Түүнийг намын даргын Шонхор фракцынхан шахжээ. Шалтгаан нь М.Батчимэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн учраас намын даргын залгуурт тэнцсэнгүй. Эндээс АН-ын нэр дэвшилт дээр фракцуудын зодооноос гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын зөрчил ч явж байна.
 
З.Энхболд АН-ыг Ц.Элбэгдорж, Алтангадас нараас салгаж Эрдэнийн Шонхор таурт нэгтгэх улстөрийг шат дараатай хийжбайна. Үр дүнд нь З.Энхболдын дэндүү дотнын анд Д.Одхүү тэндээс нэр дэвших учиртай байж. Энэ талаараа тэрбээр Орхон аймгийн нэгэн телевизээр илэн далангүй яриа өрнүүлж, “Д.Одхүүд тойрог гаргаж өгөхийн тулд намайг намын удирдлагаас шахсан. Шонхор фракцийн 18 хүнийг орон нутагт нэр дэвшүүлж байгаа” гэхчлэн ярьсныг нь уг нэвтрүүлгийг үзсэн зарим сонгогч эрхэм Д.Одхүүгээс онлайнаар асууж лавлаж байгаа харагдана.
 
Хариуд нь Д.Одхүү “Би Эрдэнэтэд 20 жил улс төрд байгааг хүн бүр мэднэ. Тойрог маань ч байгаа. Тэгэхээр хэн нэгнийг ямар ч ач холбогдолгүй суудлаас шахах сонин биш” гэсэн хачин хариултыг өгөв. “Хачин” гэдгийн учир нь угаас сошиалаар яриа өрнүүлэхэд агуулга нь утга авцалдаагүй болчихдог. Харин үндсэн санааны тухайд ноён Д.Одхүү “Надад тэр бүсгүйн даргын суудал огт сонирхолгүй байсан. Төслөө бүтээх гэж хэдэн сар зүтгэснийг та бүхэн өөрсдөө харж мэдэж байсан”, “Хүмүүсийн үгээр үг хийж хэрүүл тэмцэл болгон түүндээ ажлаа хийж байгаа хүнийг хутгах муухай зан шүү, эрхэм гишүүн ээ” гэсэн байв. Мөн “47 дугаар тойргийг шууд авна гэсэн. Тэгээд өрсөлдөөд олон санал авсан нь авъя гэхээр л өөрөө нэрээ татчихсан. Би өөр хүнтэй өрсөлдөөд авсан” гэсэн хариултыг өгснөөр онлайн яриа өндөрлөсөн юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ М.Батчимэг гишүүн “Өрсөлдөөд олон санал авсан нь 47 дугаар тойргийг авна” гэхээр ямархуу жүжиг тоглох вэ, өөрт нь аль “дүр хуваарилагдах” вэ гэдгийг мэдэж байсан учраас нэрээ татсан бололтой.
 
Ямартай ч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Бид сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг хасахгүй, бид тийм ядарсан улстөр хийдэггүй” гэж хэлсэн ч хэлсэндээ хүрэлгүй эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгосон. Тэр тусмаа “Одоогийн УИХ-ын гишүүдээ бүгдийг нь нэр дэвшүүлнэ гэчихээд хамгийн боломжтой имиж сайтай М.Батчимэгийг Эрдэнэтээс шахчихлаа. Үйл явдлаас харахад АН-ын дарга бол эмэгтэйчүүддээ л бяраа гаргахдаа сайн юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга маань “Оффшор данстай нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” гэж амалсан ч эдүгээ С.Баярцогт нэр дэвших нь бараг тодорхой болчихоод байна.
 
Уг нь УИХ-ын дарга нь намын дарга байх зохимжгүй юм гэдгийг өөрийнх нь хийгээд өрөөлийн намынхан хангалттай сануулж байсан. Тэр тусмаа намын ҮЗХ-ны хурлаа цаг тухайд нь зарлахгүй байсан нь ч гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлж, хожим нь ҮЗХ-ны хурлаа зарласан ч ирц нь бүрдэхгүй байсан зэргээс мэдрэмжтэй лидер бол сургамж авахаар сануулга болохоор үйл явдал олонтаа болсон. Гэвч “гөжүүд дээрээ дүлий” гэгчийн үлгэрээр жишим ч үгүй дарангуйлсаар сонгуулийн халуун өдрүүдтэй золголоо. УИХ дахь эмэгтэй гишүүдээс өөр түүнд дарамтлуулах гишүүн ч улам ховордсоор байна. Наанадаж намынх нь гишүүд Л.Эрдэнэчимэгээс эхлээд ямар нэгэн “үл үзэгдэх гар”-т дийлдэн анхан шатандаа “унаж” байх жишээтэй.
 
М.Батчимэг гишүүний тухайд л гэхэд бусад эмэгтэй гишүүдийн хамт гар, сэтгэл нийлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зэрэг хүмүүсийн амьдралд хэрэгтэй олон хуулийг баталсан. Эхэндээ бэл бэнчин муутайгаараа сэм дуудуулаад байгаа дуулддаг байсныг нуух юун. Тиймээс ч “Нэг ардчилал” дотроо “нокаут”-д орж байсан удаа цөөнгүйг үгүйсгэх нь юу л бол. Харин энэ удаад Намын дарга нь түүнд “гар сунгаж” сөхрөхөд хүргэв бололтой.
 
М.Алтанцогт