sonin.mn
АНУ-ын хамгийн өндөр оргил Аляск дахь алдарт Денали буюу МкКинлэй (6168 м)
 
Ингэж АНУ, ОХУ хоёрыг Берингийн хоолой заагладаг болжээ. Харин түүгээр орших үндэстэн ястнуудын язгуур угсааг Шамбалын орны үүсэл оршлын олон эрин заагладаг ч байж болох юм. Би Аляскийн уугуул үндэстнүүдийн хоорондоо ярилцах хэл яриаг нь сонсохыг ихэд хичээсэн боловч тэд өөрсдийн үүх түүхээ үндэснийхээ хэл усаар ярихдаа хойрго тул төрөлх хэлийг төдийлөн сонсож чадаагүйдээ гонсойж явлаа.
 
Гаднын хүнтэй ярих дургүй ч юм уу эсвэл төрөлх хэл, үүх түүхээ мартсан байж ч болох шүү дээ. Хэрэв тийм бол цээж соёлын зүйл нь бараг мартагдсан байж ч болзошгүй юм. Гэхдээ би тохиолдлын ганц нэг индиан гаралтай музейн тайлбарлагч гэх мэт цөөн хүнтэй уулзсанаа хэлэх нь зүйтэй байх. Би тэдний төрөлх хэлийг ойлгохгүй тул англиар л ярина. Гэхдээ тэд хоорондоо мөн л англиар ярилцаж байснаас үзэхэд тэд төрөлх хэлээсээ илүү англиар ярилцаж бүр заншчихсан бололтой.
 
Монголчууд бид бол үүх түүхээ төрөлх хэл, бичгээрээ, биет ба биет бус өв, ёс заншлаараа хадгалж чадсан үндэстэн юм. Улс орны үүх түүх, өв соёлыг мөнхөд авч явдаг аман хэлбэр нь хэл яриа, нэг агуу зүйл нь ардын урлаг бөгөөд бүр гол цөм нь үлгэр, тууль юм. Тууль хайлах гэдэг нь бидний сэтгэхүй, үзэл дэвшил, ой ухааны болон түүхийн архив, туульч хүн бол гараар барьж, нүдээр үзэх боломжгүй боловч мартаж үл болох үүх түүхийг хойч үеийнхэндээ өртөөлөн хүргэдэг биет бус соёлын өвийн улаачид юм. Үүнийг зөвхөн ахмад үе нь хойч үедээ үлдээж сургадаг.
 
Ингэж чадаагүй нөхцөлд улс үндэстэн өөрийн үндэсний гэх хэв шинжээ гээж мөхөх замд орох аюултай. Индианчуудад тууль түүнтэй төстөй зүйл байж л таараа, харин түүнийг хэт америкжсан Аляскаас олох хэрэгтэй байх. Хуучны индианчууд гаанс зөрүүлж тамхилан мэнд мэдэлцдэг заншилтай байсан тухай баримт кино болон урлагийн бүтээлүүдэд олон тохиолддог. Ийм заншил монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бас нэг зүйл бол хөөмийдөх урлаг юм. Хөөмий бол монгол үндэстнүүдийн урлаг соёлын өв яах ч аргагүй мөн. Үүгээрээ бид төстөй үндэстнүүд юм байна. Аливаа үндэстний соёлын өв, ёс заншлыг бусдад урвуулах боломжгүй харин мартагнуулж арилжуулж болдог аж.
 
Аляскийн унаган үндэстэн, ястан болон уул усных нь уугуул нэрийг америкжуулсан жишээ Аляскт цөөнгүй байдаг юм билээ. Хойд америкийн хамгийн өндөр уулын далайн түвшнээс дээш 6194 метр өргөгдсөн Денали хэмээх оргилыг Америкийн 25 дахь ерөнхийлөгч агсан Уиллям МкКинлэйн |1843-1901| нэрээр нэрлэсэн байдаг. Гэхдээ америкийн ихэнх мужууд Айёово, Айдэхо, Оклахома, Дакота, Иллиноис, Теннеси… гээд л индиан нэртэй хэвээр үлджээ. Дэлхийн эскимо индианчуудын их наадам жил болгон болдог Фэйрбанкс хотыг үндэслэн байгуулагчдын нэг, АНУ-ын 26 дахь дэд ерөнхийлөгч агсан Чарлес Уоррен Фэйрбанксын |1852-1918| нэрээр 1904 онд нэрлэсэн гэдэг. Энэ мэт жишээ олон бий.
 
Аляскийн бүх сургууль англи хэлээр, цөөнхийн хэлээр төрөөс явуулдаг үйл ажиллагаа үгүй тул төрөлх хэлээ хэрэглэх нь багассан юм шиг байгаа юм. Яагаад гэвэл индианчуудын хүүхдүүд нь цөм америк сургуульд суралцан англиар чөлөөтөй, төрөлх хэлээсээ ч илүү сайн ярьдаг болжээ. Оросын буриад үндэстнүүдтэй зүйрлэж болмоор. Эх нутгийг нь эзэлье гэвэл эх хэлийг нь мартуулдаг юм байна.
 
Аляскийн үндсэн иргэд болох индианчуудын язгуур гарал нь эрт дивангарын цагт Сүн далайг шалбааг, Сүмбэр уулыг дов байхад, Берингийн хүзүүвчийг хуурай тал байхад түүгээр дамжин зүүн Сибирээр амьдрал |ан| хөөж явган ирсэн ази гаралтай хүмүүс гэдэг.
 
Гучин мянган жилийн тэртээ Аляскийг зүүн Сибиртэй хуурай газраар холбож байсан энэ хэсэг хүзүүвч хөндий их мөстлөг хайлах үеэр усанд автсан нь өнөөгийн Берингийн хоолой юм.
 
Эртний домог, зарим шашны номлолд амар амгалангийн орон хорвоо ертөнцийн гурван диваажингийн хаа нэгтээ, газар дээр ч юм уу, энэ орчлонгийн оройд агаарт ч юм уу,  эсвэл усан дор байж болох лус, сугавад, шамбалын орны тухай өгүүлдэг. Энэ номлолоор бол байгалийн нөлөөнөөс үл хамаарах газар эдгээр диваажингаас өөр хаана ч үгүй хэмээх таамаг юм.
 
Шамбал хэмээх ариун жаргалант, төгс төгөлдөр, энхжингийн энэ орон Алтангадас одны зүгт буй гэж бурхны сургаалд өгүүлдэгч ч түүнийг хүн төрөлхтөн олон сая жилээр эрсээр олоогүй байгаа. Мэргэд бурхдын нууцлаг орон Шамбалд шашин шүтлэг энэрэнгүй, амьдрал өгөөмөр агаад амьддаа их буян үйлдсэн хүн тэнд очиж аз жаргалтай, амар амгалан байна хэмээжээ. Мэдээж энэ таамагт сүсгийн буюу хийсвэр шинж нь илт давамгайлах боловч нэг байрандаа зогсож байгаад үүнийг тайлж мэдэх боломжгүй юм.
 
Аливаа нууцлаг бүхнийг тайлж мэдэхээр зүтгэдэг тийм тэмүүлэл хүмүүн бүхний дотор хэзээнээс нуугдаж ирсэн бөлгөө. Ийм зан чанар эртний хүмүүст байсан бол тэд яах байсан бол. Энэ бол хүн гээч бодьгал үүссэн тэр цагаас бүрэлдэн тогтсон зан чанарынх нь нэг онцлог юм.
 
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн ямагт шинийг эрэлхийх замаар урагшлан, хөгжин дэвжиж ирсэн агаад цаашид энэ зүй тогтлынхоо нөлөөгөөр төгөлдөржиж байгалийн элдэв үзэгдлийг тайлан түүнтэй зохицон амьдрахыг эрмэлзэж байсан цаад агуулга нь оршино.
 
Иймийн учир цаг хугацаа, орон зай араатан амьтдаас өөр ухаалаг хүмүүнийг бий болгосон бус уу.
 
Ийм уран зөгнөлийг эрт цагт өнөөгийн Монгол, Түвд болон түүний ойр хавийн нутгаас гаралтай хүмүүс Шамбалын орныг эрж хайж явахдаа тээж ирсэн зөн совингийн улбаатай сэтгэлгээ хэмээн үзэж болох юм. Өрнө дорнын сэтгэлгээ өөр хоорондоо адилгүй яагаад гэвэл тэдний амьдрах орчин өөр өөр байснаас, зан ариншин, цаг хугацааны өөрчлөлт дахь сэтгэх чадвар нь өөр өөр байж болох шүү дээ. Иймээс хүмүүн сэтгэж байж л хөгжих тул бурхан, түүний орон шамбал гэдэг хүний өөрийнх нь ой ухааных нь хөгжлийн бүтээл хэмээн бодном. Энэ надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм.
 
Хэрвээ тийм бол бурхдын гэгээлэг орон Шамбалын тухай зөгнөл нь ийм уран байгаа нь түүнийг тээгчид нь ой ухаан, сэтгэлгээ болон иргэншлийн өндөр түвшинд байсныг гэрчилж байгаа бусуу. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн бодол гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Нөгөө талаас Монголын тал нутагт оршин тогтнож байсан Ази гаралтай нүүдэлчин аймгууд өнөөгийн хойд туйлын уугуул иргэдийг бүрэлдэн тогтноход ихээхэн нөлөө үзүүлсэн, үүсэл гарал нь Алтайн нуруунаас эхтэй хэмээн таамагладаг эрдэмтэн мэргэдийн хэлснийг өнөөдөр Алтай нуруунаас олдсон археологийн олдворууд нотолж байгаа бусуу. Ази гаралтай гээд байгаа нь хөх толботой, монгол гаралтай гэсэн л үг дээ.
 
Үргэлжлэл бий …
 
Найдансүрэнгийн Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ
 
Урьд өмнө Индианчуудын бөөгнөрөл нутаг өдгөө Америкийн 26 дахь дэд ерөнхийлөгч агсан Чарлес Уорен Фэйрбанксийн нэрээр бий болжээ