sonin.mn
 
Монгол Улсын далбаа бүхий галт тэрэг анх эх орныхоо торгон хилийг давсан түүхт өдрөөс хойш эдүгээ 40 жил өнгөрчээ.
 
1976 оны 5 дугаар сарын 30-ны 14.50 цагт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Нарлаг Монгол” хэмээх анхны олон улсын галт тэрэг Улаанбаатараас Москва чиглэлд  хөдөлж байсан түүхтэй. 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд “Нарлаг Монгол” олон улсын галт тэргэнд ажиллаж байсан 50 гаруй үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
 
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр Улаанбаатар-Москва чиглэлд галт тэрэг явуулах тухай тогтоол гаргаж, тухайн үеийн ЗХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Герман улсаас суудлын 28, тээшийн 2 вагон авч иржээ. Вагон тус бүрт 36 дотооддоо үйлдвэрлэсэн гудас, хөнжил зэргийг байрлуулах зэргээр ихээхэн ажил өрнөсөн гэдгийг “Нарлаг Монгол” галт тэрэгний анхны дарга Г.Дашбал дурсав.
 
Тэрбээр, “Байгууллагын удирдлагууд манай галт тэргэнд ажиллах бүрэлдэхүүнд орос хэл, эрүүл мэнд, соёлт үйлчилгээний анхны мэдэгдэхүүний талаар байгууллагын удирдлагуудаас тусгайлан хичээл зааж байлаа. Тэгээд л 5 дугаар сарын 30-нд бид Улаанбаатараас хөдөлсөн юм. БНМАУ-ын нэрийн өмнөөс явж байгаа галт тэрэг учраас хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг манай бүрэлдэхүүн гүн ухаарсан байсан.
 
Биднийг тухайн үеийн Тээврийн яам, Төмөр замын удирдлагууд гаргаж өгсөн. Зүүн хараа, Дархан гээд бүх зогсоол дээр биднийг баяр ёслол, хүндэтгэлийн байдалтай хүлээж авсан. Хил дээрээс бидний галт тэргэнд ОХУ-ын төмөр замын төлөөлөгчид сууж, Москва хүрэх замд машин механизмаас эхлээд үйлчилгээ хүртэл бүх зүйлийг зааварлаж явсан юм. Хилээр гарахад хамгийн түрүүнд улсын минь төрийн далбаа сэтгэлд минь бууж, хариуцлага гэдэг үгийг байнга хэлж явлаа. Анхны аялалд 10 зорчигчийн вагон залгаж гарсан. Үүнд нийт 360 хүн зорчсон юм. Москвагаас буцахдаа мөн 360 хүн тээвэрлэсэн. Үндсэндээ анхны эргэлтэндээ 720 хүн тээвэрлэсэн гэсэн үг. Энэ үеэс хойш эдүгээг хүртэл энэ л хэмжээгээр хүн тээвэрлэж байгаа” хэмээн хуучиллаа.
 
Г.Дашбал даргын удирдлагад хоёр мастер, 28 үйлчлэгч Москваг зорьжээ. Хилээр гарахад Оросын ард түмэн дуу хөгжим болон угтаж байсан хэмээн Х.Гантөмөр хэллээ.
 
Тэрбээр, “Москвад очиход тус улсын төмөр замын удирдлагууд биднийг угтаж аван, Улаанталбайд дурсгалын зураг авахуулж, үзэсгэлэн үзүүлж билээ. Энэхүү аялал Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлсэн томоохон алхам гэж үздэг. Тухайн үеэс хойш Оросын төмөр замчид биднийг байнга дэмжиж ажилладаг байсан. Москвад очоод буцахад нүүрс, сэлбэг хэрэгслээс эхлээд өөрсдөдөө байгаа бүхий л зүйлсийг бидэнд илүүчилдэг байлаа. Биднийг авахгүй гэхээр замд чинь ямар ч асуудал тохиолдож мэдэх тул хэрэг болно хадгалчих гээд л зүтгэдэг байсан. Өнөөгийн Монголын төмөр замын хөгжил оросын найрсаг ард түмний тусламж, дэмжлэгтэй салшгүй холбоотой” хэмээв.
 
Анхны тээвэрлэлтийг хийсэн үеэс хойш “Нарлаг Монгол” олон улсын галт тэргийг 3 удаа шинэчилжээ. Үүнд 1976 оноос Орос вагоноор үйлчилж байсан бол 1980 оны эхээр Герман улсад үйлдвэрлэсэн зүтгүүрийг нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд буюу 2014-2015 онд ОХУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн зүтгүүр ашиглаж байгаа бөгөөд 10 вагон бүхий 2 галт тэргээр үйлчилж байна.
 
 
Тус чиглэлийн 6 дугаар галт тэрэг Москвагаас лхагва, пүрэв гарагт гарч Улаанбаатарт Даваа, Мягмар гарагт ирдэг байна. Харин тавдугаар галт тэрэг Улаанбаатараас мягмар, баасан гарагт хөдөлж, Моксвод ням болон мягмар гарагт очдог байна. 1990-ээд оноос өмнө оюутан залуус, албан ажлаар хойд хөршийг зоригсод энэхүү галт тэргээр зорчих нь түгээмэл байж. Харин 90-ээд оноос хойш өдгөөг хүртэл олон зуун наймаачдын амьдрал “Нарлаг Монгол”-д өрнөж, олон ч монгол айлын амьжиргаа олон улсын галт тэрэгний аяллаас шалтгаалж байсан юм. Тиймээс 40 жилийн настай “Нарлаг Монгол”-ын ой зөвхөн УБТЗ-ын хамт олны төдийгүй Улаанбаатараас Москваг зорьсон мянга мянган зорчигчдын ой юм хэмээн Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ хэлэв.
 
Хүндэтгэлийн ажиллагааны үеэр ахмад төмөр замчин Д.Туул, Р.Ичинхорлоо, Ч.Дашжав нарыг ЗТЯ-ны “Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр, Ш.Энхтаяа, Батхуяг нарыг “Төмөр замчны алдар цол, тэмдэг, мөнгөн шагналаар урамшуулав.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг