sonin.mn
 
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв эмнэлгийн "Богд уул" сувиллын газрын эмч сувилагч нар өнөөдөр сэтгүүлчдэд хандав. Тэдгээр ажилтнууд төр, хууль гэж байгаа бол шүүхийн шийдвэрийг холбогдох газрууд хэрэгжүүлж ажиллаач ээ хэмээн хүслээ.
 
 
Учир нь, Г.Шийлэгдамба Байгаль орчны сайд байхдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр Богд уул сувиллын газрын хашаан дотор 9 аж ахуй нэгжид газар олгосон байна. Түүнээс хойш газрын харилцаатай холбоотой асуудал үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс сувиллын хашаанд хууль бусаар газар олгосон байна гэсэн шийдвэр гарсан байна. Гэвч одоо хүртэл шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагаас эмнэлэг сувиллын газар хэвийн ажиллах боломжгүй нөхцөлд хүрсэн гэнэ.
 
Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангаас "Дэжид" компанид орц гарц гаргаж өг гэсэн бичиг ирсэн гэх нэрийдлээр бяр чадал ихтэй залуу дайрч, ажилчдыг айлган сүрдүүлсэн байна. Ийм байдалтай ажил төрлөө эрхлэх хүндрэлтэй байгаа тул БОНХАЖЯ болон бусад агентлаг, албууд асуудлыг анхааралдаа авч, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэж энэ үеэр ярив.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг