sonin.mn
 
МАХН-аас өнөөдөр Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ зарлаж байсан. Одоогоор уг жагсаал болоогүй байна.
 
 
Учир нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус намаас тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй. Одоо ч тус намын удирдлагууд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын үүдэнд байж байна. Мөн жагсаалын зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдсэн.
 
Тэд жагсаал, өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа намын дарга Н.Энхбаярыг 2012 оны сонгуульд хууль бус шалтгаанаар оруулаагүй, 2016 оны сонгуульд ч мөн адил хууль бус шалтаг шалтгаан тоочин дахин сонгуульд оруулахгүй байх оролдлого хийж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.
 
Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах, хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлж дарамтлах, мөрдөн мөшгих, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллээр нэр төрийг нь гутаах үйлдлүүдийг удаа дараалан хийж байгаа. Тус намын байр, нэр дэвшигчдийг тагнаж, чагнах, мөрдөн мөшгих, намд сайн дураар хандив өгөх хүсэлт бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьдчилан олж тогтоож, тухайн этгээдүүдэд дарамт шахалт үзүүлж байна. Нэр дэвшигчдийг хуулийн дагуу зарлан сонгуулийн бэлтгэл ажлаа эхлэх үед нь шүүх рүү зохиомол гомдлуудыг хүргүүлж, зохион байгуулалттайгаар сонгуульд нэр дэвшигчээс нэрийг нь татуулахаар бэлтгэж байгаа зэрэг хууль бус үйлдлүүдийг эрс эсэргүүцэж, энэхүү тэмцлийн хэлбэрийг сонгосон аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг