sonin.mn
 
Монголын үндэсний музейд өнөөдөр “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний музей,  “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ хамтран зохион байгуулав.
 
 
Уг үзэсгэлэнд Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд орших эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургуудын гэрэл зураг, тэдгээрээс сэдэвлэн зураач, барималчдын туурвисан бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.
 
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцон үг хэллээ.
 
Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн зочид, эрдэмтэн мэргэд, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн та бүгдийн энэ өглөөний түмэн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хийх гэж байна. Үүний хүрээнд олон арга хэмжээ болно. Тэдгээрийн нэг нь өнөөдөр үүдээ нээж байгаа “Дэл уулын гайхамшиг” сэдэвт хадны зургийн үзэсгэлэн юм.
 
Монгол Улс зөвхөн газрын хэвлийнхээ баялгаар гайхамшигтай биш, Монгол орны уул, хад хүртэл дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг биедээ тээж ирсэн гайхамшгийг энэ үзэсгэлэнгээс харах болно.
 
Монголын Алтай, Хангай, Хэнтий, Саяны салбар уулсуудад нийтдээ 500 гаруй хадны зургийн цогцолбор газар бий. Өнөөдрийн энэ үзэсгэлэн Монгол Улсын үндэсний музей, “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын санаачилга, зүтгэлээр үүдээ нээж байна. Үзэсгэлэнд 9 бээр газар дахь 9000 гаруй янз бүрийн амьтны дүрс зураг, олон янзын хүний зураг, мөн эртний бичгийн соёлыг харуулсан ховор нандин соёлын өвийг дэлгэн харуулж байгаа юм.
 
Одоо хадны зургийг дөнгөж тайлж мэдэх, унших ажил эхэлж байна. Өнөөдрийн энэ үзэсгэлэнг хараад манай Монголын балар эртний дээд өвөг дээдсийн соёлын өвийг хэрхэн хамгаалж ирснийг гайхах, бахархах сэтгэгдэл төрнө гэдэгт итгэж байна.  
 
Үзэсгэлэнг зохион байгуулахад оролцсон та бүхэнд талархал илэрхийлье. “Хаданд мөнхөлсөн урлаг” олон улсын бага хурал энэ 5 дугаар сарын 30-нд болно. Экспертүүдийн хурал 31-нд болно. Энэ үеэр Алтайн хадны зургийн тусгай альбом зураг гарна. Орой нь С.Дулам багшийн бичсэн цомнолооор бүтээсэн, хадны зургаас сэдэвлэсэн бүжгийн жүжиг үзүүлнэ. Ийм олон ажил болох юм.
 
Хадны зураг бол зөвхөн зураг биш, бидний өвөг дээдсийн асар үнэтэй өв юм гэдгийг бид бүхэн мэдэх хэрэгтэй байна. Энэ ажил дөнгөж эхэлж байна. Монгол орон даяар байгаа хадны зургийг бүртгэлжүүлэх, архивжуулах, хамгаалах, хайрлах ажлыг ялангуяа нутгийн иргэд, малчид, эрдэмтдийн хамтын ажиллагаагаар хийх олон ажлын эхлэл дөнгөж тавигдаж байгаа юм.
 
Нэгэн сайн үйлс өнөөдөр эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Та бүхэнд баярлалаа. Эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.