sonin.mn
МАХН-ынхан төв байрныхаа өмнө өлсгөлөн зарлаж байгаа. Эрх чөлөө, Чингисийн талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн зарлах зөвшөөрөл холбогдох байгууллагаас өгөөгүй тул ийнхүү намын байрныхаа өмнө өлсгөлөн зарлажээ. 
 
Өлсгөлөн зарлаж буй шалтгаанаа МАХН-ынхан тайлбарлахдаа, "УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-ыг оролцуулахгүй байх бүхий л бусармаг аргыг хэрэглэж байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын зарим нэр дэвшигчдэд хууль хяналтын байгууллагаас хууль зөрчин шаардлагатай бичиг баримтыг санаатайгаар гаргаж өгөхгүй байна. 
 
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль нь сонгуулийн хуулийг дордуулсан луйврын орчинд, олигархиудын гар хөл болсон хууль хяналтын зарим албан тушаалтны хууль бус үйлдлээс хамаарч явагдаж буйг эрс эсэргүүцэн буйгаа мэдэгдээд.
 
Засаг төрийн эрх мэдлийн үндэс нь ард түмний хүсэл зориг мөн, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна, Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг баримтлах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн ардчиллын тулгуур зарчим, үзэл санааг үл тоомсорлон уландаа гишгэж сонгогчдын шийдлээр бус өөрсдийн хүсэл шунал, захиалгад нийцүүлэн сонгуулийн дүнг урьдчилан засварлахаар МАНАН-гийн бүлэглэл эрээ цээргүй явуулга хийж байна. 
 
Монголын ардчиллыг хамгаалах “сонгуулийн хувьсгал” хийж, эх орноо хамтдаа өөрчлөх цаг ирлээ. Шударга сонгууль-шударга ардчилсан төрийн эхлэл. Иймийн учир эхнээсээ хууль бус, хяналтгүй сонгууль явуулахаар төлөвлөсөн хэт даварсан эрх мэдэлтнүүдтэй эрхээ хамгаалах улс төрийн хатуу тэмцэл хамтдаа явуулцгаая.
 
Дүр эсгэсэн ардчилагчид хуулийн нэр барин хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж Монголын ардчиллыг булшиллаа. Тэд ардчилсан улсын хувиар АСЕМ зохион байгуулна гэж олон зуун тэрбум төгрөг хяналтгүй зарцуулж, ядарч зовсон ард түмнээрээ тохуурхаж байна гэлээ.
 
 
МАХН-ы гаргасан мэдэгдэл