sonin.mn
АИХ-ын депатут, Улсын бага хурлын гишүүн асан, гавьяат багш Д.Ламжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-УИХ-ын даргын за­хи­­рамжаар хаврын чуулга­ныг сарын хугацаатай завсар­луулсан. Ингэснээр хуулийн хугацаанд батлах ёстой, хэлэлцүүлгийн ша­танд яваа олон хуулийн төслийг тодорхойгүй бай­далд орууллаа. Сонгууль дөхсөн энэ үед ийм байдлаар завсарлага авах нь хэр зөв алхам бэ?
 
-Бидний нүдэнд ил харагдаж байгаагаар чуул­ганы ирц хүрэхгүй байна. Гишүүд бусдын кнопыг дарах аргаар маш олон хуулийг батлах шиг боллоо. Энэ нь зохисгүй бөгөөд хууль бус зүйл юм. Учир нь, УИХ-ын гишүүд аливаа шийдвэрт зөвшөөрөх болон эс зөвшөөрөх аль нэг байдлаар саналаа өгөх нь чухал. Тиймээс тухайн нэг гишүүн нэг л удаа санал өгөх эрхтэй. Тэгэхээр үүн дээр их том зөрчил харагдаж байна. Түүнчлэн бүлэг нь тарсан гэдэг утгаар Ерөнхий сайд гурван сайдаа огцруулах саналыг УИХ-ын даргад тавьсан.
 
Энэ асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа гэж бий. Ерөнхий сайд Засгийн газрынхаа гурван сайдыг огцруулах саналыг тавьж байгаа нь ноцтой асуудал. Тиймээс зайлшгүй хэлэлцэх ёстой ч хэлэлцсэнгүй зав­сарлалаа.
 
Маш яаралтай завсарлага авсан нь ерөн­хийдөө тохироо байж ма­гадгүй. Эсвэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын хооронд зөрчил байна гэсэн үг. Ямар ч байсан УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах асуудалд маш том дутагдал оршиж байна. Нөгөө талаараа сон­гууль дөхсөн үед пар­ламентийн гишүүдийн со­­нирх­лын зөрчил маш хур­цаддаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед гишүүдийн сэт­гэл санаа тогтворгүй болдог. Тэгэхээр ийм үед шийдвэр гаргаж, олон хууль батлах нь буруу.
 
Аль болохоор гарцаагүй хийх ёстой зүй­лээ эртхэн хэлэлцэх нь зүйтэй. Тэгээд сонгуулийн санал авах өдөр ойртох тусам шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхсөн үед олон хууль батлах нь муу шийдвэр гаргах эрсдэлтэй. Яагаад гэвэл, хуулиар сон­гогчдын бодол санааг өөрийн талд татах гэсэн бусармаг зүйл явдаг. Энэ талаасаа муу хууль гаргах эрсдэл өндөр.
 
-Гарцаагүй хэлэлцэх ёстой асуудлын дунд АТГ-ын даргын томилгоо яах аргагүй багтах болов уу. Уг асуудлыг хэлэлцэх ёстой хуулийн хугацаа нь өнгөрчихсөн гэдгийг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн зүгээс сануулж, хэлэлцэхийг удаа дараа шаардсан боловч авч хэлэлцсэнгүй. Үүнийг та юу гэж харж байна вэ?
 
-Ерөнхийлөгч бүрэн эр­хийнхээ хүрээнд олон байгууллагын даргыг то­милж байгаа талаар УИХ-ын дарга ярьж бай­сан. Хуулиараа бол Ерөн­хийлөгч АТГ-ын даргыг нэр дэвшүүлж, УИХ томилох ёстой.
 
Тэгэхээр үүнийг эс­рэгээр нь зохион байгуулж, УИХ нэр дэвшүүлж, Ерөн­­хийлөгч томилдог меха­низмд шилжинэ гээд хууль санаачлах талаар ярьж байсан. Эрх мэдэл бүхий субьектийн зүгээс харахад үүн дээр асуудал байх шиг байна. Ямар нэгэн асуудал тулгарахаар тухайн үед үйлчилж байгаа хуулийн заалтыг засах гэж үздэг.  Энэ бол манай УИХ-д маш олон удаа давтагддаг бөгөөд хуулийн байж болшгүй зөрчил юм. Хамгийн тү­рүүнд үүн дээр анхаарах хэрэгтэй. Хуулийг удирдлага болгоно гэдэг нь аливаа асуудал тулгарахад түүнийг зохицуулах хуулийн заалтыг дагаж, шийдвэрлэхийг хэл­дэг.
 
Гэтэл үйлчилж бай­гаа хуульдаа өөрчлөлт оруул­чихаад тулгарсан асууд­лаа шийдэх гэж үздэг бол­сон. Энэ бол эрх зүйн үүднээс авч үзэхэд Үндсэн хуулийн маш том зөрчил. Үүнийг нийгэм нь зад шүүмжилж, зогсоодог байх ёстой. Ялангуяа хэвлэл мэ­­дээллийн хэрэгсэл болон улстөрчид энэ тал дээр анхаарал хандуулж, нухацтай ярих хэрэгтэй л дээ. Зарим нэг улстөрч ярьж, шүүмжлэх боловч асуу­дал шийдэгдэхгүй бай­на.
 
-АТГ бол шийдвэр гаргах төвшний томоохон байгууллагуудын нэг. Гэтэл ийм эрх мэдэлтэй, нөлөө бүхий байгууллагынхаа даргыг томилохгүйгээр сонгууль явуулах нь ёс зүй болон эрх зүйн хувьд хэр зохистой бол?
 
-Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч саналаа оруул­сан. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийд­вэрлэх ёстой байсан. Товчхондоо, хуулиа хэрэг­жүүлэхгүй байгаагийн нэг жишээ энэ.
 
-Оффшор данстай гишүүдийн талаарх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч болон АН-ын дарга нар оффшор данстай гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж  мэдэгдэж, нэр хүртэл цохсон. Гэтэл дарга нарынхаа мэдэгдлийг АН-ын гишүүд дагаж мөрдсөнгүй. Эсвэл улстөрчдийн ээлжит тоглолт байв уу?
 
-Оффшор компанид бүр­тгэлтэй хүн олон байна. Тэр ч бүү хэл манай улсад оффшор нам хүртэл бий. Тал талын улстөрчдийн оролцоотойгоор анхнаасаа захиалгаар байгуулсан бай­­даг. Хэрэгтэй цагт буюу сонгууль зэрэгт тухайн намаа ашигладаг. Яг л оффшор компани шиг.  Сүүлийн үед олны ан­хаарлыг татаж буй оффшор компани, оффшор данстай холбоотой мэдээл­лийг нэ­лээд судалж үз­сэн. Өө­рийнхөө нууц мэдээл­лийг алдсан “Моссач пон­саки” гэдэг компани бол Канадынх юм билээ. Ка­над улс уул уурхайд идэвхтэй ажилладаг. Уул уурхай ярихаар Канадын дипломатууд чимээгүй бол­дог гэдэг үг бий.
 
Тэгэхээр энэ компанийн нууц бүртгэлийг  дэлгэсэн хэрэг. Ийм төрлийн компаниуд гурван зорилгод үйлчилдэг юм байна. Үүнийг зарчмын үүднээс хэлэх ёстой. Нэгдүгээрт, хууль бус мөнгө угаах, хоёрдугаарт, хоригийг тойрох, гуравду­гаарт, татвараас зугатаах. Нэр холбогдсон гишүүд ийм гурван үйлдэл хийсэн байвал үнэхээр гэм бу­руутай гэсэн үг.
 
Бид зөвхөн бүртгэлийн төвшинд л ярьж байна. Асуудал нарийсвал илрүүлэхийн тулд олон улсын байгууллагатай хам­­тарч ажиллах  ёстой. Ихэнх орны хувьд хуу­лийн байгууллага нь уг асуудлыг мөрдөн шалгана гэсэн хандлагатай бай­гаа. Хамгийн гол нь бүрт­гүүлчихсэн байгаа нөхөд дээр дурдсан гурван зүйлээр тусалдаг өмгөөлөгч, хуульч, зөвлөхийн асуудлыг ярьж байна. Эдгээр хүнийг хатуу гараар барих нь чухал бо­лоод байна.
 
-Манай улсын хувьд энэ асуудлыг зохицуулах хуулийн төслийг хоёр жилийн өмнө өргөн барьсан ч хэлэлцэлгүй орхисон. Харин энэ удаад үүссэн нөхцөл байдалтай уялдуулан тухайн хуулийн төслийг дахин өргөн барьсан боловч хэлэлцэж амжилгүй завсарлалаа. Хуулиа баталж, асуудлыг шийдэхгүй байгаа нь ямар шалтгаантай гэж үзэж байна вэ?
 
-Манай улсын хувьд энэ асуудлыг зохицуулах хууль батлах нь амар биш байх шиг байна. Учир нь, асуудлаа судлаагүй. Нэр хол­богдсон хүмүүс тэр ту­хайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь хуулийн хувьд буруутгах шалтгаан болж байгаа юм. Цааш нь ярих гэхээр баримт байхгүй. Ямар ч байсан энэ бол ноцтой асуудал. Зарчмын хувьд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу.
 
Хууль зүйн байнгын хороо тогтоолын төсөл санаачилж байна. Өөрөөр хэлбэл,  Өр­шөөлийн тухай хуулийн заалтыг УИХ тайлбарласан байдалтай тогтоол гаргах гэж байгаа талаар ярьж байсан. Жишээлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд сонгуульд нэр дэвшихэд саад байхгүй гэдгийг ха­руулсан тодорхойлолт гар­гаж өгөхийг Хууль зүйн байнгын хорооноос хүсч,  цагдаагийн байгууллагад албан бичиг явуулсан. Ингэхэд цагдаа хөдлөөгүй. Үүний дараа МАХН-ынхан энэ талаар Ерөнхий сайдад хандсан. Энд нэг л том хуулийн зөрчил байна. Тодруулбал, УИХ-ын байн­гын хороод УИХ-аас гарах шийдвэрийг бэлтгэх ажилд оролцдог. Түүнээс улс орон даяар дагаж мөрдөх эрх зүйн акт гаргах эрх байнгын хороодод байхгүй. Энэ тал дээр маш том хуулийн зөрчил үүсч байна. Манайхан аливаа юмыг тоодоггүй.
 
Байнгын хороод УИХ-аас гаргах шийдвэрийг бэлтгэх үүрэгтэй. УИХ-аас гараагүй л бол байнгын хорооноос гаргасан ямар ч шийдвэрийг байгууллагууд дагаж мөрдөх ёсгүй. Тийм эрх мэдэл байхгүй. Тиймээс Хууль зүйн байнгын хороо өөрт нь ногдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэх гээд байна. Хэний буруу зөвийг асуудаг. Хамгийн том зөр­чил нь энэ. Байнгын хороо бүхэн дур зоргоороо загна­вал төрийн ажил завхарна. Өөрсдийн эрх мэдлийн хүрээнд дэс дараатай аж­лаа хийдэггүй нь эндээс харагдаж байна.
 
-Үндсэн хуулийг зөрчиж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар олон сөрөг зүйл бий болж байна. Тухайлбал, гадаадад сурч, амьдарч байгаа иргэд сонгуульд саналаа өгөх боломжгүй байдалд хүрсэн талаар ярьж байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой байсан юм бол?
 
-Цэцийн бүрэн эрхтэй холбоотой гурван хуульд өөрчлөлт оруулсныг бүгд санаж байгаа байх. Тодруул­бал, Цэцийн тухай хууль, Цэцийн процессын хууль буюу Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх гэсэн гурван асуудалд өөрч­лөлт оруулсан. Үндсэн хуу­лийн Цэц бол хууль са­хиулах, өндөр эрх мэдэлтэй субьектүүдийг захирч, хуу­лийг нь мөрдүүлж байх үүрэгтэй.
 
Цэцийн тэр бү­рэн эрхийг нь авч хая­сан. Ингэснээр Монгол Улс ардчилсан улс биш болж хувирна. Иймэрхүү агуул­гатайгаар хуулийн өөрч­лөлтийг хийсэн. Эндээс л бүх зүйлийн эхлэл тавигдаж, асуудал үүссэн. Монгол шиг жижиг орон гадаадад сурч, амьдарч байгаа иргэдийн саналыг авна гэдэг аль ч талдаа хүндрэлтэй бас хэцүү. Зарим нь сон­гуульд саналаа өгье гэж улс­төрждөг байж болно. Ихэнх нь сонгуульд саналаа өгө­хөд хэцүү байдалд ор­дог. Намын нэрээр санал хураадаг байхад сонгуульд саналаа өгөхөд арай амар­хан байсан.
 
Зөвхөн намын нэр дээр нь л санал өгнө. Одоо ингээд мажоритар тогтолцоонд шилж­сэн энэ үед гадаадад амьдарч байгаа иргэдийг яаж тойрогт хуваарилах гэдгээс эхлээд бөөн ажил.  Тиймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхлүүлээд сон­гуультай холбоотой бүх аж­лыг анхнаас нь зөв зо­хион байгуулалтай, дэс да­раалалтай хийх байсан юм.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин