sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өчигдөр Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АНУ-ын Конгрессын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, 2011 онд АНУ-ын Конгрессын гишүүн асан Д.Драйр тэргүүтэй төлөөлөгчид Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байсныг дурдаад, АНУ Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг “гурав дахь хөрш”-өө хэмээн үздэг болохыг тэмдэглэлээ. 
 
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн цаг гарган биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс ардчиллыг үлгэр жишээ байдлаар хөгжүүлж байгааг АНУ төдийгүй дэлхийн олон улс орон өндрөөр үнэлж, харж байдаг. Бид энэ удаа хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэлээ. 
 
Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл явцын талаар ярилцаж, санал солилцсон юм.  Төлөөлөгчдийн сонирхсны дагуу Улсын Их Хурлын дарга Монгол Улсын хууль батлах үйл явцын талаар танилцууллаа. Хууль тогтоох үйл явц зөвхөн Байнгын хорооны хуралдааны танхим, чуулганы танхимд явагддаггүй. Улсын Их Хурлын гишүүд ард иргэдтэй уулзах үед эхэлдэг болохыг хэллээ. Тодруулбал, уулзалтын үеэр иргэд хууль тогтоомжийн талаарх санал, хүсэлтээ хэлнэ. Улсын Их Хурлын гишүүн тэдгээр санал, хүсэлтийг нэгтгэн хуулийн төсөл болгон боловсруулаад, Улсын Их Хуралд мэдүүлэх эрхтэй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн бүр хууль санаачлан, өргөн мэдүүлэх эрхтэй байдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ. Төрийн ордонд болж буй хууль тогтоох явцтай холбоотой бүх хуралдааныг хүссэн телевиз үнэ төлбөргүйгээр шууд дамжуулдаг, мөн цахим хэлбэрээр шууд дамжуулдаг болохыг онцлов.
 
Улсын Их Хурлын дарга “Хэн гэдэг гишүүн ямар асуудал дээр ямар санал гаргаад, ямар байр суурь илэрхийлж байгаа нь нээлттэй олон нийтэд хүрч байдаг юм. Хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд 5-10 минутын дараа цахим хуудаст бүрэн эхээрээ нээлттэй тавигддаг. Хүссэн хүн бүр танилцаж, санал бодлоо илэрхийлж болно. Хуулийн төсөлтэй холбоотой санал авдаг цахим хуудас ч ажиллаж байна” гэв. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд цахим хэрэглээ өсч, олон нийтийн сүлжээ өргөнөөр нэвтэрч байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, Монгол Улсын хууль тогтоох үйл явцыг хаалттай хэмээн тодорхойлох үндэслэлгүй болохыг тэмдэглэн хэллээ. 
 
Төлөөлөгчид Монгол Улс 1990-ээд оны үеийнхээс маш хол явж, ардчиллыг энэ түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг хараад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байв. АНУ-ын ардчилал ч өнөөдөр өөрийн гэсэн тодорхой бэрхшээлүүдтэй байгаа, тиймээс Монгол Улс ч бас ардчиллын бэрхшээл сорилтыг даван туулж ирсэн. Ирэх 10-15 жилийн дараа Монгол Улсын хөгжил ямар түвшинд хүрсэн байна гэж тооцож байгаа талаар сонирхож байлаа. Мөн шинэ, залуу ардчилсан орнуудад авлигалын асуудал томоохон бэрхшээл байдгийг дурдан уг асуудалтай хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулсан юм. 
 
Монгол Улсын авлигатай тэмцэх систем АНУ-тай адилхан, хөрөнгө орлогоо олон нийтэд нээлттэйгээр мэдүүлдэг. Тодорхой ахиц дэвшилүүд гарч байгаа, олон нийтийн зүгээс улс төрч, парламентын гишүүдийг хардах байдал буурсан. “Транспаренси Интернэшнл”-ээс гаргадаг олон улсын авлигалын индекст манай улс 100-аас дээш байрт  бичигдэж байсан бол сүүлийн жилүүдэд 82 дугаарт бичигдэж байна. Бид цаашид 50 дугаарт бичигдэхээр зорьж байна. Ирэх 10-15 жилд авлигагүй болоход  маш их дөхсөн, ард түмнийхээ саналын дагуу хууль батлагддаг, хамгийн гол нь Үндсэн хуулийн “Ард түмэн Засгийн эрхийг барина” гэдэг зарчим бүрэн хэрэгжсэн улс болно гэдэгт итгэж байна гэв.  
 
Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.
 
Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын дарга хариулав. 
 
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, парламентын найрамдлын бүлэг харилцан байгуулагдсан, АНУ-ын Конгрессын Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан, мөн Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа явдал нь Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. 
 
Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.