sonin.mn
 
Орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Хөрөнгийн бирж МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
 
Хөрөнгийн биржийн энэ өдрийн 5238 дахь арилжааг МҮХАҮТ-ындарга Б.Лхагважав цан цохисноор нээлээ.
Үндэсний томоохон төслүүдийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан санхүүжүүлэх, IPO гаргахад нь дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоход талууд хамтран ажиллах юм байна.
 
МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав ярихдаа, “Хөрөнгө босгох механизмыг компаниуд ашигласнаараа зах зээлээ тэлж үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой. Улсын хэмжээнд нийт 95 мянган компани байгаа боловч 300 гаруй нь хувьцаат компани юм. Нийтийн мөнгийг манай компаниуд одоохондоо ашиглаж чадахгүй байна. Танхим 2016 оныг Компанийн засаглалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох механизм руу шилжихийг зорьж байна. Түүнчлэн компаниуд сайн төслүүдээ Хөрөнгийн биржтэй хамтран гуравдагч зах зээлд гарган хөрөнгө босгох нь чухал. Мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбарт хөрөнгө босгож байж хөгжинө. Үүний суурийг бид өнөөдөр тавилаа” гэв.
 
Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг