sonin.mn
 
БЕРЛИН. /CNN/. Европын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох “Lufthansa” Венесуэл рүү хийх нислэгээ түр зогсооно.
 
Нийгэм, эдийн засгийн томоохон хямралд өртөөд байгаа Венесуэл улс руу хийх нислэгээ зургадугаар сарын 17-ны ням гарагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа тус компани мэдэгджээ.
 
"Луфтханза" компанийн хэвлэлийн төлөөлөгч Андриас Бартлэс-ийн хэлснээр, ийм шийдвэр гаргах болсон нь хоёр үндсэн шалтгаантай аж. Юуны өмнө, зорчигчдын тоо, ялангуяа бизнес аялал хийдэг хүмүүсийн тоо хангалтгүй байгаа, түүнчлэн Венесуэл улс нь олон шатлалт ханшийн тогтолцоотой байдаг учраас валютыг хөрвүүлэхэд тус компанийн хувьд хүндрэлтэй байдаг ажээ.
 
Венесуэл нь газрын тосноос хэт хамааралтай ба сүүлийн хоёр жилийн хугацаанд газрын тосны үнэ унасан нь тус улсын эдийн засгийг ийнхүү хүндрэлд оруулж байгаа юм.  
 
Нислэгийн тоо цөөрсөн нь эдийн засгийн хямрал газар авсны цорын ганц жишээ биш юм.  Тус улсад хоол хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл хомсдож, ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байна.
 
Венесуэл улсад ажилгүйдлийн түвшин дараагийн жилд 21 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын валютын сангаас /ОУВС/ дэвшүүлжээ.  
Эрчим хүч хэмнэх үүднээс тус улсын засгийн газраас төрийн байгууллагын ажилтнуудыг долоо хоногийн хоёр өдөрт ажиллуулах захирамж гаргажээ.
 
 
Ийм хямрал болсон нь олон улсын томоохон компаниудад нөлөөлж байна. Өнгөрсөн онд  АНУ-ын Дэлта /Delt/, Америкийн AAL, Канадын Air Canada, Европын Алиталиа /Alitalia/ зэрэг агаарын тээврийн компаниуд Венесуэл рүү хийх нислэгээ түр цуцлах болон нислэгийн тоогоо бууруулах шийдвэр гаргажээ.
Түүнээс гадна, элсэн чихрийн хомсдолоос үүдэн Кока Кола компани тус улс дахь үйлдвэрлэлээ  түр хугацаагаар зогсоосноо өмнө нь мэдэгдэж байсан билээ.
 
Х.Дашдулам

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг