sonin.mn
 
“Өвөг дээдсээс үлдээсэн түүхийн гайхамшигт дурсгалуудыг олж нээх, танин мэдэх, цаашлаад тайлж унших, хадгалж хамгаалах, сонирхож судлах нь өнөөгийн бидний үүрэг төдийгүй түүх, соёл, хөгжлийн олон талт ач холбогдолтой хэмээн өнөөдөр эхэлсэн “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.
 
 
Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, “Монгол орон бол хаданд мөнхөлсөн урлагаараа дэлхийд гайхагдах дурсгалуудтай. Тухайлбал, Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн Уушгийн өврийн исгэрч буй эмэгтэйн хөрөг бүхий гайхамшигт буган хөшөө, баруун Алтайн ЮНЕСКО-гийн биет өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Алтайн хадны зургийн цогцолбор”, өмнө зүгт Монголын их говийн элсэн дундах хадан дунд мөнхрөн үлдсэн Дэл уулын хэдэн мянгаар тоологдох ер бусын зургууд, зүүн зүгт Хэнтийн нуруу Рашаан хаданд эртний төрт улсын түүхэнд хамаарах тамга бүхий маш ховор, дахин давтагдашгүй дурсгалууд бий.
 
Тэрхүү баялгуудын нэг нь бидний өвөг дээдсийн хаданд мөнхлөн үлдээсэн урлаг, уран зургууд байсан гэдгийг бид тэр бүр сайн мэддэггүй байсан. Энэхүү түүх соёлын дурсгалын талаар манай эрдэмтэн судлаачид судалснаас гадна олон улсын эрдэмтэд судалж, хадны зургийг дэлхий нийтийн анхааралд хандуулж байгаад их баяртай байна. Ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний соёлын өв-хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хадны зураг” төслийг эхлүүлэн ажиллаж байна.
 
Төслийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү хурал нь олон орны эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн соёлын өв болсон хадны зургийн талаарх судалгааг улам гүнзгийрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулж буй тус хуралд ЮНЕСКО болон Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, Турк, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улс, БНСУ, Япон, Турк, Франц, Австрали, Азербайжан, Испани зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож байна.
 
Тэд дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлж тайлбарлах, хадгалж хамгаалах талаар бусад улс оронд явуулж байгаа туршлагаас хуваалцан, илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
АНУ-ын Дорнод Теннесси мужийн их сургуулийн Философи, Хүмүүнлэгийн тэнхимийн хүндэт профессор, доктор Ричард Кортум “Билүүтийн хадны зургийн цогцолбор: Монголын Алтайн нуруун дахь Эрт галавын шүтээн газар” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр ярихдаа, “Миний судалгаа хийж буй Хотон нуур бол Монгол орны хамгийн сайхан нутгийн нэг. Бид тэндээс 10 мянга гаруй хадны зураг олсон. Хамгийн сонирхолтой, гайхамшигтай нь эдгээр хадны зураг балар эртний бүх он цагт хамаарахаас гадна маш олон төрөл зүйлийнх байгаа юм. Нийт 20 гаруй амьтны зургаас хамгийн том нь 2.5 метр өндөр, хамгийн жижиг нь 2 сантиметр өндөртэй хэдий ч маш нарийн зураг бий. Хадны зургийг зурж үлдээсэн хүмүүс хэрэгслээ маш чадварлаг хэрэглэж байсныг олж мэдэхэд таатай байсан” хэмээв.
Энэ үеэр хадны зургаас сэдэвлэж, зураач Ш.Тэнгисболдын зурсан Хадны уран зургийн хэсэгчилсэн үзэсгэлэнг дэлгэсэн байлаа.
Түүнчлэн Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгааны эмхэтгэн боловсруулсан “Алтайн Хадны Чулуун Шастир”-ын тухай гэрэл зургийн цомгийн нээлт болов.
УДЭТ-ын тайзнаа өнөө орой доктор С.Дуламын цомнол, тайллаар бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийг толилуулах юм.
Тус хурал маргааш өндөрлөнө.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг