sonin.mn
 
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дэх удаагийн  тэмцээн ирэх сарын 1-5-нд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
 
 
Тус тэмцээний шигшээ харвааны шилдгүүдийг Чингисийн талбайд шалгаруулахаар төлөвлөжээ. Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны Гүйцэтгэх хорооны Бельги улсын Брюссель хотноо 2011 оны 11 дүгээр сарын 28-ны хурлаар буюу 5 жилийн өмнө энэхүү тэмцээнийг Монгол Улсын нийслэл хотноо зохион байгуулах  эрхийг олгосон. Энэ эрхийн төлөө Бельги, Польш улсууд өрсөлдсөн юм. Тус тэмцээний эрхийг авахад Эрүүл мэндийн болон Сангийн яамнаас санхүүгийн баталгаа гарган дэмжлэг үзүүлжээ.
 
Улаанбаатарын тэмцээнд 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайванийн иргэн Чен Тай Чен ирж удирдахаар томилогджээ. Мөн ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испанийн иргэн, олимпийн аварга Хуан Карлос, мандатыг комиссыг БНХАУ-ын иргэн Донг Шиан хуа, эмнэлгийн комиссыг БНСУ-ын иргэн Вэнг Линг Эй нар ирж удирдах юм. ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас 1 ажилтан, 2 хэвлэлийн төлөөлөгч Улаанбаатарт ирнэ.
 
 
Тэмцээнийг ОУБХХ-ны олон улсын 4 шүүгч (Испани, Бразил, Энэтхэг, Сингапур ) ирж талбайн техникийн үйл ажиллагааг удирдах бөгөөд Италийн 2 техникийн ажилтан тэмцээний оноолт, дүнгийн системийг ажиллуулахаар болжээ. Дотоодын 25-30 шүүгч тэмцээний туслан гүйцэтгэгчээр ажиллана. Мөн олон улсын 10 гаруй сэтгүүлч нар тэмцээний үеэр ирж тэмцээнийг олон улсад сурталчилна. Өнөөдрийн байдлаар Итали, Франц, Япон, Австрали, Чех, Словак, Швед, Бельги, Их Британи, Энэтхэг, АНУ, Малайз улсын баг тамирчид ирээд байна.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг