sonin.mn
Улсын дээд шүүхээс өнөөдөр ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулах шийдвэр гаргасан байна.
 
СЕХ-ноос ИЗНН-ыг бичиг баримтын бүрдэл дутуу тул сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй гишүүд, дэмжигчид эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Энэхүү гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хэлэлцэж ИЗНН-ын талд шийдвэр гаргасан хэмээн Ц.Ганхуяг дарга хэллээ.
 
Тэрбээр, “Улсын дээд шүүхийн шийдвэр Монгол Улсад шударга ёс оршин тогтносоор байгааг харууллаа. Одоогоор орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Улсын дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө манай намын зарим гишүүд АН-ын нэр дээр өрсөлдөх болсон.
 
Сонгуулийн хуульд УИХ-ын сонгуульд оролцож байгаа намын гишүүд өөр намаас нэр дэвшиж болохгүй гэж заасан. Тиймээс тэдгээр хүмүүсийг намаасаа гарсанд тооцно. Одоогоор нэрийг нь зарлах боломжгүй” хэмээв.
 
Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 27-нд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой. Гэвч СЕХ-ноос тус намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсантай холбогдуулан нэр дэвшигчээ тодруулах боломжгүй болоод байсан юм.
 
Улсын дээд шүүхийн шийдвэр ИЗНН-ын талд гарсан тул нэр дэвшигчдэд мандат олгохоос өмнө СЕХ-той зөвшилцөлд орох шаардлагатай юм. Тус намаас өнөөдөр СЕХ-той зөвшилцөл хийж, нэр дэвшигчээ тодруулах хугацааг тогтоохоор төлөвлөж байгааг өмгөөлөгч Г.Нанзаддорж хэллээ.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг