sonin.mn
 
ПХЕНЬЯН./TASS/. БНАСАУ төрөл бүрийн зориулалтаар Дэлхийг ажиглах хиймэл дагуулуудыг хөөргөхөөр бэлтгэж байна. Энэ тухай тус улсын сансрын судалгааны Улсын хорооны төлөөлөгч Ким Жон О ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
 
 
БНАСАУ-ын Сансрын судалгааны улсын хороог 2013 онд Ардын Дээд хурлын шийдвэрээр байгуулжээ.
 
Солонгосын эрдэмтэд сансрын уудмыг судлах 5 жилийн хөтөлбөрийн хүрээнд суурин ажиллагаатай холбооны хиймэл дагуул зохион бүтээхээр шаргуу ажиллаж байгаа бөгөөд ойрын жилүүдэд ийм төрлийн хиймэл дагуул хөөргөнө гэж Ким Жон О ярьсан байна.
 
Улс орны батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэх болон эдийн засгаа хөгжүүлэх үүднээс БНАСАУ сансрын хөтөлбөрөө идэвхжүүлж, хиймэл дагуулууд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
“Ингэхдээ манай улс сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах талаарх олон улсын бүх гэрээ хэлэлцээрийг чанд даган мөрдөх болно” гэж Ким Жон О хэлээд тус улс Сансрын нисгэгчдийг аврах, сансарт хөөргөсөн объектуудыг буцаан авчрах тухай Хэлэлцээрт нэгдсэн гэдгийг сануулан дурдлаа.
 
Түүнээс гадна, БНАСАУ “Сансрын объектуудын учруулсан хохирлын төлөө хүлээх олон улсын хариуцлагын тухай” Конвенци болон "Сансарт хөөргөсөн объектуудыг бүртгэж авах тухай” Конвенцид тус тус нэгдсэн байна.
 
АНУ болон түүний холбоотнуудын зүгээс “БНАСАУ баллистик пуужингийн бүрдэл хэсгүүдийг турших зорилгоор хиймэл дагуул хөөргөж байна” хэмээн буруутгаж буйг Ким Жон О гүтгэлэг хэмээн няцаалаа. “Иймэрхүү цуу үг яриа нь Вашингтоны эрх баригчид манай улсын талаарх дайсагнасан бодлогоо эргэн харах хүсэлгүй байгаа гэдгийг харуулж байна” хэмээн тэрбээр дүгнэн хэлжээ.
 
Энэ оны 2 дугаар сард БНАСАУ зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуул хөөргөж, тойрог замд оруулсныг НҮБ бүртгэж авсан байна. Дэлхийн олон улс орон Пхеньяны энэ алхмыг буруушаан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.  
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг