sonin.mn
1. Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулах санаа төрсөн тухай
 
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (хуучин нэрээр, ЗСБНХУ)-ын Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн чуулган атомын энергийг энхтайвны зорилгоор ашиглах асуудлаарх чуулган Москвагийн Их сургуулийн төв байрны ёслолын танхимд 1955 оны долдугаар сард болжээ. Тус чуулган дээр ЗСБНХУ-ын Цөмийн асуудлын лабораторийн захирал, ШУА-ийн сурвалжлагч гишүүн Михаил Григорьевич Мещеряков протоны 680 МэВ энергийн Синхроциклотрон хурдасгуур дээр 1950-1955 онд-гүйцэтгэсэн судалгааны үр дүнгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
 
Чуулганы үеэр ЗСБНХУ-ын Синхроциклотрон хурдасгуур дээр явуулж байгаа судалгааны ажилд социалист орнуудын эрдэмтэд хэрхэн оролцох тухай яриа өрнөжээ. Чуулганаас хойш нэг сарын дараа атомын энергийг энх тайвны зорилгоор ашиглах олон улсын бага хурал Швейцарь улсын Женев хотноо болж, бага хурлын үеэр социалист орнуудын эрдэмтэд, чуулганд оролцогчид Цөмийн судалгааны Европын төв (ЦЕРН)-ийн тухай ярилцжээ. 
 
Тус төв Женевийн ойролцоо байрладаг протоны 600 Мэв энергийн Синхроциклотрон болон 30 ГэВ энергийн цагариг хурдасгууртай байлаа. Улмаар Цөмийн судалгааны Европын төвтэй ижил төстэй социалист орны төв байгуулах санаа төрсөн гэж үзэж болно. Энэ санал бүх социалист орнуудын дэмжлэгийг авч, төв байгуулах санаа 1956 оны гуравдугаар сард Москва хотод болсон социалист орнуудын зөвлөгөөнөөр биеллээ олсон билээ.
 
2. Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсан түүхээс 
 
ЗСБНХУ-ын санаачилгаар 1956 оны гуравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд Москва хотод Цөмийн шинжилгээний дорно дахины институт байгуулах асуудлаар социалист орнуудын зөвлөгөөн зохион байгуулсан. 11 социалисторны Засгийн газрын 57 төлөөлөгч оролцжээ. Тус зөвлөгөөн дээр профессор Д.И.Блохинцев “Цемийн шинжилгээний дорно дахины институт (ЦШДДИ)-ийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, түүний байршил болон туршлагын төхөөрөмжүүдийн байгууламжийн тухай" илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 
 
Профессор Д.И.Блохинцев илтгэлдээ “Судалгааны төв байгуулах нь орчин үеийн өндөр түвшинд цөмийн физикийг хөгжүүлэх зорилгоор социалист орнуудын эрдэмтдийн хүчийг нэгтгэхэд оршино” гэж тэмдэглэжээ.  Цөмийн шинжилгээний дорно дахины институтийг ЗСБНХУ-ын Засгийн газар ШУА-ийн Цөмийн асуудлын институт болон Цахилгаан физикийн лабораторийн бааз дээр байгуулах санал тавьжээ.
 
Цөмийн асуудлын институт (ЦАИ)-ийн үндсэн төхөөрөмж нь 1949 онд ашиглалтад орсон протоны 680 МэВ энергийн цикл хурдасгуур-Синхроциклотрон бөгөөд энэ төрлийн хурдасгуурын дэлхийн хамгийн том нь байсан. Цахилгаан физикийн лабораторийн үндсэн төхөөрөмж нь барьж байсан дэлхийн хамгийн том протоны 10 ГэВ энергийн хурдасгуур-Синхрфазотрон байлаа.
 
ЦШНИ анх Цөмийн асуудлын лаборатори, Их энергийн физикийн лаборатори, Онолын физикийн лаборатори, Нейтроны физикийн лаборатори гэсэн бүтэцтэй байгуулагдсан.
 
БНЧУ-ын төлөөлөгчдийн санаачилга болон институтийн нэр өөрчлөх комиссын саналаар “Цөмийн шинжилгээний дорно дахины институт” гэсэн нэрийг “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт” (ЦШНИ) гэж нэрлэжээ. Институтийг Москва хотоос 125 км зайд оршдог Калинин мужийн Шинэ-Иваньково сууринд байгуулж, улмаар ЦШНИ байрладаг шинжлэх ухааны сууринг Их Волга сууринтай нэгтгэж 1956 онд Дубна хот гэж нэрлэжээ.
 
Манай улсыг төлөөлж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С Аварзид (төлөөлөгчдийн тэргүүн), Шинжлэх ухааны хорооны жинхэнэ гишүүн Н.Содном, инженер Н.Тогоо нар оролцсон байна.
 
 
3. Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн тухай 
 
Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт нь тус институтийн гишүүн орнуудын олон улсын Засгийн газар хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм. ЦШНИ нь 1957 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэгдсэн. ЦШНИ нь материйн үндсэн шинж чанаруудыг судлахын тулд институтийн гишүүн орнуудын эрдэм шинжилгээ болон материаллаг боломж, хүчийг нэгтгэх зорилгоор байгуулагдсан. 
 
Одоогийн байдлаар ЦШНИ нь Азербайжен, Армени, Беларусь, Болгар, Вьетнам, Гүрж, Казахстан, Ардчилсан Солонгос, Куба, Молдав, Монгол, Польш, Оросын Холбооны Улс, Румын, Словак, Узбекстан, Украин, Чех зэрэг 18 гишүүн оронтой. Унгар, Герман, Египет, Итали, Серби, Бүгд Найрамдах Өмнөд Африк Улстай Засгийн газрын түвшинд хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээртэй ажилладаг.
 
ЦШНИ-ийн удирдах дээд байгууллага нь гишүүн орнуудын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн хороо юм. Гишүүн орон бүр энэ хороонд нэг л төлөөлөгчтэй байна. ЦШНИ-ийн гишүүн орнуудын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны дэргэд Эрдмийн зөвлөл болон Санхүүгийн хороо ажилладаг.
 
ЦШНИ-ийн эрдэм шинжилгээ, судалгааны бодлогыг тодорхойлдог Эрдмийн зөвлөл ажиллана. Эрдмийн зөвлөлийн гишүүнээр тус институтийн гишүүн орнуудын нэр хүндтэй, томоохон эрдэмтдээс гадна Франц, Грек, Швейцар, Израил, Герман, Итали улсын эрдэмтэд, ЦШНИ, Европын цөмийн судалгааны төв, Европын физикийн холбооны төлөөлөл сонгогддог.
 
Институтийн удирдлагын дэргэд зөвлөх үүрэгтэй Шинжлэх ухаан-техникийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл нь эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг зохион байгуулахад институтийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох боломжийг хангах үүрэгтэй. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох болон түүний үйл ажиллагааны дэг, журам нь “Шинжлэх ухаан-техникийн зөвлөлийн дүрэм”-ээр зохицуулагдана.
 
Цөмийн шинжилгээний нэгдсэн институт нь эрдэм шинжилгээний лабораториуд, инженер-техникийн үйлдвэрлэлийн, захиргаа аж ахуйн болон бусад туслах нэгж, салбартай.
 
ЦШНИ одоо Цөмийн урвалын лаборатори, Нейтроны физикийн лаборатори, Цөмийн асуудлын лаборатори, Онолын физикийн лаборатори, Их энергийн физикийн лаборатори, Мэдээллийн технологийн лаборатори болон Радиобиологийн лабораторитой.
 
Тус төвд ЦШНИ-д 4500 орчим мэргэжилтэн ажилладаг, үүний 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан, 2000 гаруй нь инженер-техникийн ажилчид юм. 260 гаруй шинжлэх ухааны доктор, 570 гаруй боловсролын доктор бий.
 
ЦШНИ өнгөрсөн 60 жилд цөмийн шинжлэх ухааны салбарт 40 орчим нээлт хийж, химийн хэд хэдэн элементийг шинээр нээсэн байна. Сүүлийн 60 жилд Д.Менделеевийн үелэх системийн 102-118 дугаарын 17 шинэ элементээр нөхөгдсөний есийг ЦШНИ-ийн Г.Н.Флёровын нэрэмжит Цөмийн урвалын лабораторид гаргаж авсны дотор сүүлийн 10 жилд таван шинэ элементийг нээсэн байна.
 
Олон улсын Онолын болон хэрэглээний химийн холбоо болон Олон улсын Онолын болон хэрэглээний физикийн холбооны хамтарсан комисс Д.Менделеевийн үелэх системийн 113, 115, 117, 118 атомын дугаартай химийн элементүүдийн нээлтийг баталснаа 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан ёсоор зарлалаа.
 
4. Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн гадаад хамтын ажиллагаа 
 
ЦШНИ-ийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь шинжлэх ухаан, техникийн олон улсын өргөн хамтын ажиллагаа юм.
 
Дэлхийн 64 орны 700 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний төвтэй олон талт хамтын ажиллагаа явуулдаг. ЦШНИ-ийн гол түнш зөвхөн ОХУ-тай гэхэд, 43 хотын 150 фирм, үйлдвэр, их сургууль, судалгааны төв, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна.
 
ЦШНИ жил бүр 10 орчим эрдэм шинжилгээний бага хурал, 40 гаруй олон улсын зөвлөгөөн, семинар, залуу эрдэмтдийн сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. 
 
Жил бүр 3000 орчим зохиогчийн 1500 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл тавигдаж, дэлхийд нэртэй цөмийн физик болон эгэл бөөмсийн физикийн сэтгүүл болон бага хурал, зөвлөгөөн, семинарын эмхэтгэл хэвлэгдэн гардаг. ЦШНИ-ийн эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхийн 50 гаруй оронд илгээдэг.
 
ЦШНИ Их энергийн физикийн институт (Протвино), Оросын эрдэм шинжилгээний төв “Курчатовын институт” (Москва), Цөмийн физикийн институт (Гатчина), Онол, туршлагын физикийн институт (Москва), Г.И.Будкерийн нэрэмжит Цөмийн физикийн институт (Новосибирск) болон бусад хүрээлэн, институттэй хамтран ажиллаж чухал үр дүнгүүд гаргаж авчээ.
 
Сүүлийн жилүүдэд БНГУ, АНУ, БНФУ, Итали, Швейцарь, БНХАУ болон бусад орнуудын физикийн төвүүдтэй эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж байна. Тус институтэд залуу авьяаслаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд шаардлагатай нөхцөлүүд бүрдсэн. Дубна хотод Москвагийн их сургуулийн салбар 30 гаруй жил ажиллаж байна. 
 
1991 онд ЦШНИ-ийн Сургалт-эрдэм шинжилгээний төвийн үндэс тавигдсан. Тус төвд Москвагийн их сургууль, Москвагийн инженер-физикийн институт, Москвагийн физик-техникийн институт болон ОХУ-ын бусад их, дээд сургуулийн оюутнууд ЦШНИ-ийн нэртэй эрдэмтдийн удирдлага дор амжилттай суралцдаг. 1994 онд “Хүн, нийгэм болон байгаль’’ Олон улсын “Дубна" их сургууль байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
 
5. Монгол улс, цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн хамтын ажиллагаа
 
Монгол Улс Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус институтийн олон талт хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.
 
Монгол Улс, ЦШНИ-ийн хоорондын хамтын ажиллагаа нь манай оронд зөвхөн цөмийн физикийн шинжлэх ухаан төдийгүй электроник, компьютерийн техник, программчлал, хэрэглээний математик зэрэг шинжлэх ухааны бусад шинэ чиглэлүүд үүсэж хөгжих, цөмийн судалгааны тев, лабораторийг байгуулах, бэхжүүлэх, нарийн мэргэжлийн хүний нөөцийн хөгжилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн ба мэдээллийн технологийн үр шимтэй хөрсийг тавьж өгсөн. 
 
Мөн цөмийн технологийг манай улсын хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, геологи, уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсролын салбарт нэвтрүүлж хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн тусламжаар Физик-технологийн хүрээлэнгийн Их энергийн лаборатори 1961, МУИС-ийн Цөмийн судалгааны лаборатори 1965, Компьютерийн лаборатори 1977, Микротроны лаборатори 1992 онд тус тус байгуулагдаж, үр дүнтэй ажиллаж байна.
 
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд манай улсаас 100 орчим эрдэм шинжилгээний ажилтан богино, урт хугацааны томилолтоор ажиллаж онолын болон туршлагын цөмийн физик, цөмийн электроник, компьютер, программчлал болон хэрэглээний математикийн мэргэжил эзэмшиж боловсрол, шинжлэх ухааны салбар, төрийн байгууллага болон хувийн секторт үр бүтээлтэй ажиллаж байна. Одоо ЦШНИ-д манай улсаас 10 орчим эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байдаг.
 
60 жилийн хугацаанд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд профессор Д.Чүлтэм (1978), академич Ч.Цэрэн (1980), профессор Д.Түвдэндорж (1981),академич Х.Намсрай (1982), академич Ц.Баатар (1990), академич Т.Жанлав (1992), академич Р.Тогоо (1993), профессор О.Лхагва (1995), доктор О.Чулуунбаатар (2011) нар Физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг 43 эрдэм шинжилгээний ажилтан боловсролын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. 
 
Үүнээс гадна ЦШНИ-д ажиллаж байсан болон ЦШНИ-тэй хамтын ажиллагаатай найман хүн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг, 20 хүн боловсролын доктор (Ph.D)-ын зэрэг ЦШНИ-ээс өөр гадаад, дотоодын байгууллагад хамгаалсан байна.
 
Академич Н.Содном ЦШНИ-ийн орлогч захирлаар (1967-1973), профессор Д.Чүлтэм Цөмийн асуудлын лабораторийн орлогч захирлаар (1970-1974), профессор Д.Сангаа Нейтроны физикийн лабораторийн орлогч захирлаар (2009-2012) тустус ажиллаж байлаа. 
 
Академич Б.Чадраа (2010), Т.Жанлав (2012), С.Энхбат (2013) нар Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн “Хүндэт доктор”, профессор Д.Чүлтэм (2000) ЦШНИ-ийн “Хүндэт ажилтан” цол тус тус хүртсэн байна.
 
1960-2015 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн удирдлага, лабораторийн захирлууд, эрдэм шинжилгээний ажилтан 100 гаруй зочин, төлөөлөгч манай улсад ажлын айлчлад, эрдэм шинжилгээний томилолтоор ажиллаж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, зөвлөгөөнд оролцжээ.
 
ЦШНИ-ийн захирал Владимир Георгиевич Кадышевский тэргүүгэй төлөөлөгчид 1996 оны тавдугаар сард ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай гуайтай уулзжээ.
 
Цөмийн энергийн комисс, Цөмийн энергийн газар ЦШНИ-тай хамтран зургаан удаа (2000, 2002, 2005, 2007, 2010, 20131) олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Тус хуралд ЦШНИ-ийн орлогч захирал, профессор Михаил Григорьевич Иткис, профессор Рихард Ледницки тэргүүтэй 60 гаруй төлөөлөгч оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
 
Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дэд дарга асан, доктор, профессор Ц.ДАМДИНСҮРЭН