sonin.mn
 
ПАРИЖ. /TASS/. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ үеэр террористуудын үйлдэж болзошгүй халдлагыг таслан зогсоох, халдлага болсон тохиолдолд алан хядагчдыг устгах болон хөгжөөн дэмжигчдийг аврахад чиглэсэн өргөн хүрээтэй сургуулилт Францын Лион хотын захын дүүрэгт орших "Le Parc Olympique Lyonnais” хэмээх цэнгэлдэх хүрээлэнд даваа гарагийн орой болсон байна.
 
 
Сургуулилтыг Украин, Умард Ирландын тоглолтын үеэр хоёр амиа золиослогч этгээд цэнгэлдэхийн үүдэнд өөрсдийгөө дэлбэлж байгаагаар зохиомжлон явуулжээ. Дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алдаж, 80 хүн шархдав. Хөгжөөн дэмжигчид сандран үймж, эмх замбараагүй байдал үүсэх үед цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалалтын алба, цагдаа нар, эмч нар, гал командынхан болон аврагчид  үймээн сандрааныг намжаах арга хэмжээг нэн даруй авч эхэлжээ. Сургуулилтад Лион болон түүний ойролцоох хотуудын захиргаа, Лион хотын нисэх онгоцны буудал, Францын төмөр замын SNCF компани болон УЕФА-гийн ажилтнууд оролцсон байна.
Хөгжөөн дэмжигчдийн “дүрд” олон тооны сайн дурынхан тогложээ. Тэдний зарим нь хохирогчдын дүрд тоглосон бол зарим нь франц хэл мэддэггүй гадаадын хөгжөөн дэмжигчдэд туслах үүргийг гүйцэтгэлээ.
Евро-2016 тэмцээн 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд Францын 10 том хотод болох юм.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг