sonin.mn
 
МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын нийслэлд одоогоор гурван том нисэх онгоцны буудал ажилладаг бол саяхан Москвагаас зүүн өмнөд зүгт 40 км-ын зайд байрлах шинэ олон улсын нисэх буудлын нээлтийн ёслол даваа гарагт болсон байна.
 
 
“Жуковский” гэдэг нэртэй уг нисэх онгоцны буудал нь өмнө нь цэргийн тээврийн тээврийн онгоцууд болон Онцгой байдлын яамны тусгай зориулалтын онгоцнуудын хөөрч буух зурвасын талбайг ашиглан байгуулжээ. Шинэ нисэх онгоцны буудал нь ачаа тээврийн болон захиалгат нислэг үйлддэг компаниудад хямд үнээр үйлчлэх явдал юм гэж тус нисэх буудлыг хөгжүүлэх төслийн 25 хувийг хянадаг ОХУ-ын төрийн өмчит “Ростек” корпораци мэдэгдэлдээ дурджээ.
 
"Бидний өнөөдрийн гол зорилго бол “Жуковский” нисэх буудлыг зорчигчид болон ачаа хүлээн авагчдад үзүүлэх логистик үйлчилгээг олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх явдал юм" гэж “Ростек” корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов ярилаа.
 
Тус нисэх буудал нь 5.5 км нисэх зурвас бүхий 17 600 хав.дөр.км талбайтай бөгөөд жил бүр 2 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай ажээ. 2017 онд энэ тоо 6 саяд хүрч өсөх бөгөөд 2020 он гэхэд нисэх буудлын нийт талбай 60 мянган хав.дөр. м болсноор жилд 12 сая зорчигч хүлээн авах юм. 
 
Ноён Чемезовын ярьснаар, нисэх буудлын төсөл нь маш өндөр ашигтай бөгөөд Москва орчмын энэ бүсэд хөрөнгө оруулалтуудыг татах боломж нээгдэх бөгөөд 2020 он гэхэд 10 мянга гаруй ажлын байр шинээр бий болох ажээ. Харин шинэ нисэх онгоцны буудлаас анхны нислэгийг хэзээ үйлдэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг