sonin.mn
 
 
Өнөөдөр НҮБ-ын байранд БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарын нээлт боллоо.
 
 
Энэхүү сургалт, семинар нь энэ сарын 31-нээс зургадугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ. Төслийн үйл ажиллагааг БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга, доктор Д.Гантөмөр нээж үг хэллээ.
 
Тэрбээр "Энэхүү төсөл нь ЮНЕСКО, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Итгэлцлийн сангийн дэмжлэгтэй Монгол, Вьетнам, Уганда улсад хэрэгжүүлж буй “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжих юм. Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг шинэ хэлбэрээр илэрхийлэн танилцуулах замаар хөхиүлэн дэмжих, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжих боломжийг дэмжиж чадах стратеги болон практик хүрээг бий болгоход төслийн зорилго оршино. 
 
Уг төслийг хэрэгжүүлэх болсонд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БНСУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Итгэлцлийн санд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан таниар дамжуулан талархал илэрхийлж байна. Монгол Улс 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-гийн Конвенцид нэгдсэн. 2008 оноос БНСУ-ын Итгэлцэлийн сангийн дэмжлэгтэйгээр “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийг хэрэгжүүлсэн.
 
Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэг арга зам болох юм. Энэ бүхний үр ашиг, ач холбогдол нь Монголын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжилд шинэ алхам болж байна” хэмээн онцлов.
“Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл: Тодорхойлолт, Ерөнхий бүтэц болон олон улсын хандлага” хэмээх энэ өдрийн үндсэн илтгэлийг ЮНЕСКО-гийн олон улсын шинжээч Дэсмонд Хью тавьсан юм.
 
“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах” сургалт семинарт нийслэл болон хөдөө орон нутгийн 50 гаруй оролцогч ирсэн бөгөөд тэднийг уг арга барилд сургах, чадавхийг нь дээшлүүлэх зорилготой юм. Төслийн дараагийн шатанд стратеги хөгжүүлэлт, хэрэгжилт ба мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн үр шимийг төрийн болон ТББ-ууд, иргэний нийгэм, хувийн хэвшлүүд, соёлын салбарын мэргэжилтнүүд, гар урлалын холбоод, үйлдвэрлэгчид хүртэнэ гэдгээрээ чухал ач холбогдолтой.