sonin.mn
 
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны гадаа суулт хийж байгаа “Монголоо аваръя” хөдөлгөөний Дархан салбарын тэргүүн н.Хурцбилиг, суултад оролцсон гурван ахмад, аймгийн МАН-ын хорооны дэд дарга н.Ариундалай нар дөнгөж сая мэдээлэл хийж, сонгуулийн хорооны ажилтан эмэгтэйг зодсон гэсэн мэдээлэл гарсныг гүтгэлэг гэж мэдэгдлээ.
 
Тэд, "Сонгуулийн хорооны ажилтанг зодсон явдал байхгүй. Үүдэнд гарч ирэхэд нь шаардлагын хариуг явах замыг нь л хааж нэхсэн, биенд хэн ч гар хүрээгүй" гээд Мэдээ.мн сайтад "Сонгуулийн хорооны ажилтан эмэгтэйг зодсон, хувцасыг нь урж тастсан" гэх зэргээр бичсэнийг бодит байдлыг гуйвуулан гүжирдсэн гэж үзээд шүүхэд өгч шийдвэрлүүлэхээр болсноо зарласан юм. Мөн суулт хийх зөвшөөрлийг анх 26-29-ний хүртэл авчихаад 30-ны өдөр дахин гурван хоногоор сунгуулсан юм. Гэтэл хугацаагаа сунгуулаагүй зөвшөөрөлгүй суулт хийж байсан мэтээр бичиж бас танхай залуучууд МАН-аас мөнгө аваад суулт хийж байгаа гэх зэргээр бичсэн байна. Суултад зөвхөн хөдөлгөөний залуучууд төдийгүй Дархан сумын багуудын, Шарын гол сумын төлөөлөл болсон ахмад, дунд насны хүмүүс ч байсан гэж н.Хурцбилэг хэллээ.
 
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр тус хөдөлгөөнийхний авсан бичлэг үзүүлэхэд, Сонгуулийн хорооны дарга .Г.Соёлмаа өөрийн ажилладаг Хөдөлмөрийн хэлтэст ороод, дахин эргэж гарч ирсэн нь бичлэгт үлджээ. Түүнчлэн тэр бичлэгт хөдөлмөрийн хэлтэс рүү аймгийн АН-ынхан орж гарч байгаа, АН-аас нэр дэвшигч Ариунтуяа гэдэг эмэгтэйн машинд суугаад эмнэлэг рүү явж байгаа нь бичигдсэн байсныг үзүүлээд  зодож хувцас нь урагдсан юм байхгүй байгааг харав уу гэж байлаа.
 
Мөн үеэр МАН-ын зургаан нэр дэвшигчийг Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг яагаад хууль бус гэж үзэж байгаа юм бэ? гэсэн асуултад н.Ариундалай хариулахдаа:-“Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал нар энэ оны цагаан сараар сумынхаа ахмадуудад хуулийн дагуу хүндэтгэл үзүүлснийг сонгуулийн зорилготой бэлэг сэлт тараасан гэж бүртгэхээс татгалзсан.
 
Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг төлөөлөгчөөр ажилласан тайлангаа сэтгүүл болгосон, нэр дэвшигч Ч.Чүлтэмбатыг Тамгын газрын даргын ажилтай байх үед тус тамгын газарт тавигдсан акттай холбоотойгоор бүртгээгүй,  гэтэл тус тамгын газрыг өөр хүн хариуцан ажиллаж байгаа нь нэр дэвшигчид хамааралгүй юм. З.Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй холбоотойгоор татгалзсан.
 
Хуулинд 51 хувиас дээш хувь эзэмшиж тухайн байгууллага нь өртэй бол гэж заасан байхад зориуд хассан. Д.Амарсанааг ажилладаг байгууллагынх өрийн асуудлаар акт тавьж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зэрэг нь бүгд хууль зөрчиж нэг намын захиалгаар ажиллаж байна гэж аймгийн Сонгуулийн хороог буруутгаж байна” гэв.
 
Б.Норовсамбуу

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг