sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Энэ сарын эхээр АНУ-ын түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн Омар Матин гэгч этгээд Америк даяар халдлага үйлдэнэ гэж фэйсбүүкээр сүрдүүлж байсныг илрүүлэн тогтоосон гэж тус улсын Сенатын гишүүн мэдэгдлээ.
 
АНУ-ын Сенатын Дотоодын аюулгүй байдлын хорооны дарга Рон Жонсон хэлэхдээ “Матины фэйсбүүк хаягууд хаагдсан учраас бичсэн мессежүүд нь хүмүүст харагдах боломжгүй. Гэхдээ мөрдөн шинжээчид зарим мессэжийг нь сэргээж чадсан” гэв.
 
Тухайлбал, Омар Матин фэйсбүүк хуудсандаа “ойрын өдрүүдэд “Лалын улс” АНУ-д халдлага үйлдэхийг та нар харах болно” гэж бичсэн байжээ.
 
Омар Матин гэх 29 настай, афганистан гаралтай Америкийн иргэн энэ сарын 12-нд Флорида муж улсын Орландо хотын ижил хүйстнүүд цугладаг “The Pulse” шөнийн цэнгээний газар руу дайран орж,  гал нээн 49 хүнийг хөнөөж, 53 хүнийг шархдуулсан юм.
 
Уг хэргийг “террорист халдлага” гэж үзэн мөрдөн шалгаж байна гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдлээ. Хүүгээ “Лалын улс” босогчдын бүлэглэлтэй холбоогүй гэж Омарын эцэг Сэддик Матин ярьсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг