sonin.mn
Эрх баригчдын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт байжээ
 
УИХ  болон аймаг, нийс лэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болоход 13 хоног үлдлээ. Зур га дугаар сарын 29-нд болох сонгуулийн сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл бол улс төрийн нам, эвслийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр юм.
 
Өөрөөр хэлбэл, иргэд  саналаа өгөхөөс өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогыг судалж, хувийн дүгнэлт хийдэг. Түүнчлэн дөрвөн жилийн өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа нь бас нэгэн шалгуур.  
 
Энэ ч утгаараа өнгөрсөн 2012 онд сонгогчдын дийлэнх нь АН-д итгэл хүлээлгэсэн боловч эцэст нь ам руугаа “алгадуулав”. Одоогоор ард түмнийг хамгийн их цочирдуулсан зүйл бол 2012 оны сонгуулиар амласан АНынхны мөрийн хөтөлбөрийн биелэлт юм. Товчхондоо, АН-ынхны боловсруулсан мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт байжээ.
 
Улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэдэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн турш хийж,  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, боловсруулсан бодлого юм. Гэтэл АН-ынхан үүнд тийм ч их ач холбогдол өгөөгүйг дөрвөн жилийн үйл явцаас тольдож болно.
 
Тодруулбал, АН-ын амлалт бодит байдалд биеллээ эс олсон хэрэг. Тэд сонгогчдыг уран үгтэй мөрийн хөтөлбөрөөр хуурч, саналыг нь авч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн, шаргал ордны зөөлөн сэнтийд заларч, төрийн сүлдний дор дөрвөн жил нуугдав. Цаг хугацааг ухрааж болохгүй ч аливаа зүйлийг эргэж санан, гаргасан алдаагаа дахин давтахгүй байх боломжтой нь сайхан.
 
Тиймээс 2012 оны сонгуулиар АН-ын амласан сайхан нэртэй, биелэлтгүй мөрийн хөтөлбөрийн зарим  хэсгийг нэхэн саная. Тухайн үед АН “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж тунхаглаж байсан. Үүнийг ард түмэн одоо ч мартаагүй. 2012 оноос өнөөдрийг хүртэлх бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд манай улсад юу өөрчлөгдөж, шинэчлэгдэв.
 
Өсөлттэй байсан эдийн засаг унаж, бараа бүтээгдэхүүн, гадаад өр, валютын ханш өсч, түүхий эдийнх буурч, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэн, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт  дордлоо. Бүр тодруулбал, иргэдийн амьдрал кг-аас граммын эдийн засаг руу огцом шилжив.
 
Ийм л өөрчлөлт нийгэм болон иргэдийн амьдралд  гарав.  Хэрэв АН 2012 оны сонгуулийн үеэр уран ярьж байсан шигээ мөрийн хөтөлбөрөө сайн биелүүл сэн бол өнөөдөр эдийн засаг ингэтлээ унахгүй, иргэдийн амьдрал ийм болтлоо дордохгүй л байв. 
 
Тухайлбал, 2012 онд АН ажил орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн таван дэд бүлэгтэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байжээ. Нэг бүлэг нь дотроо уул уурхай, үйлдвэржүүлэх, ноос, ноолуур, арьс шир, нийгэм, эрүүл мэнд, боловс­рол зэрэг олон салбарт чиглэсэн байх бөгөөд түүн дотроо мөн нэлээд заалтыг тусгасан.
 
Ямартай ч 30-аад хуудас амлалтаас биелүүлээгүйг нь бус хэрэгжүүлэх гэж оролдсоныг нь тоолбол цаг хэмнэх биз. Гэхдээ  энэ удаад бид олны дунд нэлээд хүлээлт үүсгэж, горьдлого төрүүлсэн боловч хэрэгжүүлээгүй зарим нэг амлалтыг нь эргэн сануулж байна.
 
АЖИЛ, ОРЛОГОГҮЙ ИРГЭДИЙН ТОО 143 МЯНГАД ХҮРЭВ 
 
Ард түмэнд олон гоё зүйл амласны нэг нь “Ажилтай, орлоготой Монгол хүн” байв. Үүнд л хүмүүс найдаж байлаа. Учир нь, иргэдийн амьдралын гол түлхүүр бол ажил, орлого. Энэхүү амлалтаа АН-ынхан ажилгүйдлийг бууруулах үүднээс хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжинэ.
 
Ингэснээр ажлын байр нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байсан. Харамсалтай нь сайхан ярихаас цааш хэтэрсэнгүй. Тодруулбал, энэ оны дөрвөн сарын байдлаар ажилгүйчүүдийн тоо 143 мянга хүрсэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байна.
 
Хөдөлмөрийн багтаамж ихтэй боловсруулах үйлдвэрлэл зэрэг аж ахуйн нэгжийг дэмжих нь байтугай АН-ынхан Засгийн эрхийг авснаас хойш одоог хүртэл өөр хоорондоо албан тушаалын сэнтий булаацалдаж сууна.
 
Жишээлбэл, АН-ын дарга З.Энхболд хууль ёсных биш гэдгийг намынх нь олон нөхөр хэлдэг. Аливаа асуудал үүсвэл түүгээр нь шантаажилж байх жишээтэй. Ямартай ч холбогдох байгууллагын гаргасан судалгаагаар сүү­лийн дөрвөн жилд манай улсад 64301 аж ахуйн нэгж бүртгэлтэй байжээ.
 
Үүнээс 50.8 хувь нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан дүн мэдээ байна. Мөн үүнийг дагаад тэнд ажиллаж байсан иргэд ажлын байргүй, орлогогүй болсон нь тодорхой.  Товчхондоо, цагаан цаасан дээр хараар бичсэн сайхан амлалт зүсээ хувиргаж хаалгаа барьсан үйлдвэр, ажлаасаа халагдсан иргэдийн тоогоор солигдов. 
 
АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, иргэдийн амьдралд өгөөжөө өгсөн эсэх талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 
 
Ж.ГАНТУЯА: ТЭДНИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЭСРЭГЭЭРЭЭ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ
 
-2012 он АН ажилтай, орлоготой Монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг сайн санаж байна. Гэтэл энэ нь бодит байдалд эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Мөрийн хөтөлбөрийнхөө бүх заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлэхгүй ч гэлээ ядаж үүнийгээ биелүүлчихсэн бол нийгэм арай л өөр байх байсан.
 
Хүн бүр ажилтай байхад л бүх юм аяндаа болно доо. Тухайн хүн ажлаа хийгээд хэдэн төгрөгөө аваад амьдралаа болгоод л байна шүү дээ. Түүнээс ажил олдохгүй, олдсон нь цалингаа өгөхгүй байхад иргэдийн амьдрал яаж дээшлэх вэ.
 
Одоо ч яахав нэр дэвшигчид хороолол дунд гүйгээд л хүн болгонтой уулзаж сайхан амлалт өгч байна. Эргээд иргэдтэйгээ холбоотой ажилладаггүй.  Тухайн улс орны иргэдийн амьдрал ямар байх нь төрийнх нь бодлого, шийдвэрээс шалтгаалдаг гэж би боддог. 
 
 

С.ЮМСҮРЭН

С.ЮМСҮРЭН