sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/491 дүгээр захирамж гаргалаа.
 
Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож,  ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дүгээр байруудыг дахин төлөвлөж, шинэчилнэ. Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглов. 
 
Уг захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.