sonin.mn
Аль ч суманд очсон малчдын залуу халаа ховордож байгаа тухай хөгшчүүл өгүүлж байна. Зарим суманд 40 насны босго хэдийнэ давсан хүмүүс залуу малчинд тооцогдох нь түгээмэл болжээ.
 
Сүүлийн үед залуучууд хөдөө нутгаа орхиж хот суурин газар бараадах болсон нь ийнхүү малчдын залуу халааг бэлтгэх асуудлыг төрийн бодлогоор дэмжих шаардлага бий болгоод байна. Амьдрал ахуйгаа өөд татахаар унасан нутаг, угаасан усаа орхиж, шинэ орчинд аж төрөхөөр ирж байгаа нь тэдний буруу биш. Гэхдээ энэ асуудлыг зөнд нь орхиж яавч болохгүй.
 
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улс 1.452.29 малчин өрхтэй. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувьтай байна.
 
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30  орчим хувийг малчид эзэлдэг. Түүнчлэн нийт өрхийн  20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулдаг.
 
Тиймээс Монгол Ардын Нам мал аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах зорилт, бодлогыг байнга дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн.
 
Төрийн бодлогын цөмд байх ёстой малчин түмнийхээ амьдрал ахуйд бодитой дэм үзүүлэх үүднээс Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө малчны зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, “Мах, сүүний анхдугаар аян” санаачлан өрнүүлэх, малын махыг экспортлох, 80 гаруй хувиар үнэ нь уруудсан мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ ханшийг өсгөх, боловсруулах үйлдвэрийг нутаг оронд нь байгуулах замаар малчдын амьдралыг сайжруулах олон асуудлыг цогцоор шийдэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
 
Төрөлх нутагтаа ая тухтай, тогтмол орлоготой амьдрах нөхцөл бий болбол залуу малчдын хүрээ ч өргөжих боломжтой. Малчин түмний нийгмийн баталгаа ч сайжрах боломжтой юм.
 
С.Буян
Эх сурвалж: "Монгол Ардын Нам"-ын сонгуулийн штаб