sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Флорида муж улсын Орландо хотод олон хүний аминд хүрсэн халдлага үйлдсэн газарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама очиж үг хэлэхдээ, буу зэвсэг эзэмшихэд хатуу хяналт тавихыг уриалжээ.
 
Обама болон Дэд Ерөнхийлөгч Жо Байден нар пүрэв гарагт хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, тэдний ар гэрийнхэнтэй уулзсан байна. Ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт зэвсэгт этгээд 49 хүнийг хөнөөж, 53 хүнийг шархдуулсан юм.
 
Обама хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ “АНУ буу зэвсгийн хэрэглээг хатуу хянах арга хэмжээ авч, хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Тухайлбал, буу худалдахыг хориглох хэрэгтэй” гээд “ийм халдлага дахин болохоос урьдчилан сэргийлэхийн тулд америкчууд бид илүү их зүйл хийх хэрэгтэй байна” гэжээ.
 
Ням гарагт болсон аллагатай холбогдуулан Ардчилсан намын хууль тогтоогчид буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгах тухай хууль батлахыг Конгресст уриалжээ.  Бүгд найрамдах нам Конгресст олонх болдог юм. 
 
Харин Америкийн иргэд буу зэвсэг эзэмшихэд хатуу хяналт тухайд санал зөрөлдөөнтэй байгаа бөгөөд энэ асуудал ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол сэдвүүдийн нэг болоод байна.
 
Саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 57 хувь нь буу зэвсгийн хэрэглээг хатуу хянахыг дэмжсэн бол 40 хувь нь эсэргүүцжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг