sonin.mn
СӨҮЛ. /NHK/. “Севол” гатлага онгоцыг татаж гаргахад анх төлөвлөснөөс илүү урт хугацаа орохоор байна гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.
 
“Севол” онгоц 2014 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын өмнөд эрэгт живсэн юм. Энэ ослын улмаас 295 хүн амиа алдсан бол 9 хүн сураггүй болсон билээ. Хохирогчдын ихэнх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид юм.
 
Өмнөд Солонгосын Далай тэнгис, загас агнуурын яам уг гатлага онгоцыг татаж гаргах ажлыг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт эхлүүлсэн билээ. Онгоцыг ирэх долдугаар сарын эцэс гэхэд татаж гаргаж ирэхээр төлөвлөсөн байсан юм.
 
Харин тус яамны хүмүүс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “Онгоцыг татаж гаргах ажил 24 цагийн турш үргэлжилж байсан боловч хүчтэй давалгаа болон бусад шалтгааны улмаас энэ ажил саатаад байна” гээд “онгоцыг наймдугаар сар эсвэл түүнээс ч хойш татаж гаргаж ирэх төлөвтэй байна” гэлээ.
 
Онгоцыг татаж гаргах ажлыг дахин зогсоохгүйн тулд хүн хүч болон тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээ тэд мөн амлав.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг